Оросын тэрс үзэлт рок хамтлагийн гишүүдийг Тайландад саатуулжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-30
Украинд хийж буй дайныг шүүмжилсээр ирсэн Оросын рок хамтлагийн гишүүдийг Тайландад баривчилж, албадан гаргахаар болоод байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Оросын “Bi-2” хамтлагийн долоон гишүүнийг Тайландын Пхукет амралтын газар зөвшөөрөлгүй тоглолт хийсэн хэргээр баривчилж Бангкокийн цагаачлалын төвд саатуулжээ. Тэднийг мөн бичиг баримтын зөрчилтэй байсан хэмээн үзэж хүн тус бүрт 3000 бат-ын торгууль ногдуулж паспортыг хураан авсан байна. Харин хамтлагийн гишүүд цахим хуудсаараа дамжуулан "Бид тоглолтыг тухайн улсын хууль тогтоомж, ёс журмын дагуу явуулсан" гэж мэдэгджээ. Тус хамтлаг нь Украинд явуулж буй түрэмгий дайныг шүүмжилсээр ирсэн бөгөөд гоцлол дуучин Игорь Бортник цахим сүлжээгээр Ерөнхийлөгч Владимир Путиныг эрс шүүмжилсний дараа Оросын эрх баригчид түүнийг "Гадаадын агент"-ийн жагсаалтад оруулсан юм. Тус улс гадаадаас санхүүжилт авч үйл ажиллагаа явуулдаг аливаа хүн, бүлэглэлийг "Гадаадын агент" хэмээн тодорхойлдог ажээ. Харин гадаадад дүрвэн гараад буй Оросын сөрөг хүчний улс төрч Дмитрий Гудков Австралийн радиод ярихдаа "Орос улс Тайландад тус хамтлагийн гишүүдийг албадан гаргах шахалт үзүүлж байна" гэжээ. Олон улсын хүний эрхийн байгууллагууд "Хэрэв тэднийг Орос руу албадан гаргавал хатуу шийтгэл хүлээж магадгүй" хэмээн санаа зовниж байгаагаа илэрхийлж, Тайландын засгийн газар хүний эрхийн үндсэн зарчмуудыг баримталж тэднийг Орос руу явуулах ёсгүйг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.