images

Хятад: Гэрлэлт зуучлагчдад мөнгөн урамшуулал олгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-29


   Хятадын орон нутгийн засаг захиргаа хөдөө тосгоны гоонь эрчүүдэд зуучилж гэрлүүлсэн гэр бүл зуучлагчид мөнгөн урамшуулал олгохоор болсон тухай Хонгконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Гуандун мужаас Шаньси хүртэлх нутагт 30-аас дээш насны гоонь эрчүүдэд эхнэр болох бүсгүйчүүдийг зуучлан танилцуулж, тэд төрөлх нутагтаа гэрлэсэн тохиолдолд зуучлагчид 600-1000 юанийн мөнгөн урамшуулал олгох ажээ. Эдгээр урамшууллын хөтөлбөрүүд хоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх гэнэ. Тухайлбал Шаньси мужийн Шяньжяжуан тосгоны захиргаа ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн гэрлэлт зуучлагчид 1000 юань олгох шийдвэр гаргасан бөгөөд 270 орчим өрхтэй уг тосгонд 25-40 насны 40 орчим ганц бие эр амьдардаг ажээ. 2020 оны Хятадын хүн амын тооллогоор хүйсийн харьцаа нэлээд зөрүүтэй байгаа нь харагдсан бөгөөд нийт хүн амын 722 сая нь эрэгтэй, 690 сая нь эмэгтэй гэсэн судалгаа гарчээ. Мөн гэрлэх насны гоонь эрчүүдийн тоо 30 саяд хүрээд байгаа ажээ. Висконсин-Мэдисоны их сургуулийн хүн ам зүйн мэргэжилтэн, судлаач И Фу-Шэн хэлэхдээ, тус улсад уламжлал ёсоор хүү төрүүлэхийг илүүд үздэг, мөн хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд хот руу олноор шилжин суурьших болсон зэргээс хөдөө тосгонд эхнэргүй эрчүүдийн тоо улам нэмэгдэх болсныг онцолжээ. Мөн тэрбээр энэ асуудлыг зөвхөн мөнгөн урамшууллаар шийдэх боломжгүйг хэлсэн байна. Ялангуяа шинэ үеийн охид бүсгүйчүүдийн дийлэнх нь чинээлэг хангалуун, хөгжил дэвшилд хүрсэн газар амьдрахыг хүсдэг. Хөдөөгийн залуус амьдралын ийм шалгуурыг хангаж чадахгүй гэж үздэг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.