images

Хиймэл оюунаар бүтээсэн Тэйлор Свифтийн зураг шуугиан дэгдээв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-29


   Поп од Тэйлор Свифтийн дүр төрхийг хиймэл оюун ашиглан бүтээж олон нийтийн сүлжээгээр тараасан нь шүтэн бишрэгчдийнх нь шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад байгаа тухай CNN мэдээлэв.  Зургийг байршуулсан цахим сүлжээний хаягууд хаагдсан, олоход амаргүй байгаа бөгөөд устгахаас өмнө аль хэдийнэ 47 сая хандалт авсан байна. Зургийн эх сурвалж тодорхойгүй байгаа ч ихэвчлэн X (хуучнаар Твиттер) болон Instagram-аар цацагджээ. Энэ тухай X-ийн зүгээс мэдэгдэл хийж "Бид илэрсэн бүх зургийг даруй устгаж, ийм зураг байршуулсан хаягийн эсрэг зохих арга хэмжээг авсан. Нөхцөл байдлыг сайтар хянаж байна" гэжээ. Кибер аюулгүй байдлын “Reality Defender” компани тус зургийг хиймэл оюун ухааны загвар ашиглан бүтээсэн гэдэгт 90 хувь итгэлтэй байна гэсэн байна. Дуучны шүтэн бишрэгчид энэ асуудалд даруй арга хэмжээ авч чадаагүй хэмээн Х-ийг буруутгаж байна. Одоогийн байдлаар АНУ-ын есөн мужид хувь хүний зөвшөөрөлгүйгээр хиймэл оюун ухаан ашиглан хэн нэгний дүр төрхийг дуурайлган хуурамч зураг үүсгэх, хуваалцахыг хориглосон хууль хэрэгжиж эхлээд байгаа аж. Улмаар энэ асуудал төр засгийн түвшинд хүртэл яригдсан байна. Ардчилсан намын төлөөлөгч Жо Моррел Т.Свифттэй холбоотой хуурамч зураг тарсныг эрс шүүмжлээд "Ийм явдал нь хаа сайгүй, өдөр бүр эмэгтэйчүүдэд тохиож байна" гэжээ. Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Бид Тэйлор Свифтийн хиймэл зураг цахим орчинд тархаж байгаад маш их санаа зовж байна. Олон нийтийн сүлжээний компаниуд энэ тал дээр онцгой хариуцлагатай байх ёстой” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.