Япон: Тавин жил эрэн сурвалжлагдсан гэмт хэрэгтэн өөрийгөө илчилжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-29
1970-аад онд Японд болсон цуврал дэлбэрэлтийн гол сэжигтэн гэгдэж эрэн сурвалжлагдаж байсан Сатоши Киришимаг баривчилсан тухай “Kyodo News” агентлаг мэдээлэв. Хэт зүүний үзэлт “Японы эсрэг Зүүн Азийн зэвсэгт фронт” байгууллагын гишүүн С.Киришима нь Камакүра хотын нэгэн эмнэлэгт хүнд шатны хорт хавдрын оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд өөрийгөө Сатоши Киришима болохоо эмнэлгийн ажилтнуудад хэлсэн байна. Тэрбээр эхэндээ өөр нэрээр эмчлүүлж байсан ч биеийн байдал нь хүндэрсэн тул хэн болохоо өөрөө илчилж “Сүүлчийн удаа жинхэнэ нэрээрээ дуудуулмаар байна” гэжээ. С.Киришима энэ эмнэлэгт сайн дураараа хэвтээгүй, бие нь муудсан тул түүнийг албадан авчирсан байна. "Японы эсрэг Зүүн Азийн зэвсэгт фронт” бүлэглэл нь 1974 оны наймдугаар сарын 30-нд Токио хотын “Mitsubishi Heavy Industries” компанийн байрны өмнө дэлбэрэлт үйлдсэн бөгөөд энэ хэргийн улмаас 8 хүн амиа алдаж, 380 хүн хүнд шархадсан юм. Дараа нь 1975 он хүртэл Японы томоохон корпорациуд дээр ээлж дараалан халдлага үйлджээ. 1975 оны тавдугаар сард тус бүлгийн гишүүн “чоно” хочит Ооками, “хилэнц” хочит Сасори нарын найман этгээдийг баривчилсан байна. Харин С.Киришима өнөөг хүртэл баригдалгүй эрэн сурвалжлагдаж байсан аж. Өгсөн мэдүүлэг, тухайн үеийн нөхцөл байдлыг сайтар мэдэж байсан зэргээс, энэ эр Сатоши Киришима мөн гэдэг нь тодорхой болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.