Хүхрийн хүчлийн халдлагад өртсөн эмэгтэй фото модель болов
Анд нөхдийн мэдээ
2024-01-25
Бельги улсын иргэн 59 настай Патрисиа Лефранк саяхан Британийн гэрэл зурагчинтай хамтран хүхрийн хүчлийн халдлагын эсрэг тэмцэх кампанит ажилд фото модель болж оролцсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Тэрбээр 2009 онд өмнө нь үерхэж байгаад салсан найз залуугийнхаа халдлагад өртжээ. Энэ ослоор П.Лефранкийн хамар, нүдний зовхи нь бүрэн түлэгдэж, нэг нүд нь сохорч, нэг чих нь сонсголгүй болжээ. Халдлага болох үед гурван хүүхдийн ээж байсан П.Лефранк тухайн үеийн нөхцөл байдлын талаар дурсахдаа "Би алхаж ч чадахгүй мөлхөж явдаг байсан. Гар минь түлэгдэн хайлж буйг хараад ингээд үхэх нь гэж бодож байсан” гэжээ. Тэрбээр гурван сарын турш ухаангүй байсан бөгөөд 100 гаруй удаа мэс засал хийлгэжээ. Сайн эмч нарын ачаар амьд үлдсэн ч нүүр царайг нь сэргээж чадсангүй. Одоогоос хэдэн жилийн өмнө П.Лефранк зураг авхуулах нь бүү хэл толинд өөрийгөө харахаас ч айдаг байсан тухайгаа ярьсан байна. Харин одоо тэрбээр энэ бүхнийг даван туулжээ. Өөртэй нь ижил халдлагад өртөж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст урам зориг өгөхөөр ийнхүү камерын өмнө бардам зогсох болсон тухайгаа ярьсан байна. Эцэст нь тэрбээр "Би гэртээ суун гуниглаж хүчирхийлэгчийг баярлуулахыг хүсээгүй" гээд цаашид ийм балмад халдлагаас хүмүүсийг сэрэмжлүүлэх боломж олгосон гэрэл зурагчинд маш их талархаж байгаагаа илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.