Арнольд Шварценеггерийн гаалийн адал явдал сайн үйлсээр төгсөв
Анд нөхдийн мэдээ
2024-01-25
Холливүүдийн нэрт жүжигчин Арнольд Шварценеггер саяхан цаг уурын өөрчлөлтийн эсрэг хандивын хүлээн авалтад оролцохоор Герман улсад ирэхдээ Мюнхений нисэх буудлын гаалийн албанд саатуулагдсан юм. Учир нь гаалийн алба түүнийг худалдаж ашиг олох зорилгоор авч явсан үнэтэй бугуйн цагаа гаальд мэдүүлээгүй хэмээн үзэж саатуулан шалгаад сулласан билээ. Тэгвэл энэ удаа нэрт жүжигчин Австрийн Китцбюхель хотод болсон цаг уурын өөрчлөлтийн эсрэг хандивын дуудлага худалдаанд оролцож бугуйн цагаа 270 мянган еврогоор борлуулсан байна. Тус улсын хэвлэлүүд энэ тухайд "Арнольд Шварценеггерийн гаалийн адал явдал сайн үйлсээр төгслөө" гэж мэдээлжээ. Тэрбээр цагаа борлуулж олсон орлогоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлсэд зориулна гэдгээ мэдэгдсэн байна. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цаашид байгальд ээлтэй ногоон эдийн засгийг бий болгоход ажил үйлсээ зориулах болно” гэжээ. Австри гаралтай Америкийн иргэн А.Шварценеггер 2003-2011 онд Калифорни мужийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа АНУ-д хүлэмжийн хийн ялгаруулалтыг хянах анхны хуулийн төслийг өргөн барьж, албан тушаалаасаа буусны дараа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвх санаачилгатай ажиллах болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.