Өмнөд Солонгос: Устгасан мөнгөн тэмдэгтийн овор хэмжээ Эверестийн оргилоос хэд дахин өндөр болно
Анд нөхдийн мэдээ
2024-01-24
Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын төв банк гэмтэж бохирдсон 3.9 их наяд воны мөнгөн тэмдэгт устгасан гэсэн тооцоо гарчээ. Устгалд орсон цаасан болон зоосон мөнгө тоо ширхэгээрээ 483 сая 850 мянга болсон байна. Энэ нь тоон дүнгээрээ өмнөх оноос 71 сая ширхгээр нэмэгджээ. Мөнгөн дэвсгэртийн төрлөөр нь авч үзвэл 427.32 сая цаасан мөнгө, 56.53 сая зоосон мөнгө устгасан аж. Үүнээс 10,000 воны дэвсгэрт 237.75 сая болсон нь нийт мөнгөн дэвсгэртийн 55.6 хувийг эзэлж байна. Хэрвээ устгалд орсон бүх мөнгийг зэрэгцүүлэн тавьж үзвэл нийт урт нь 62,872 км болох ажээ. Харин дээш өрж тавьбал нийт өндөр нь 140,159 метр болох бөгөөд энэ нь 8.849 метрийн өндөртэй Эверестийн ноён оргилоос 16 дахин өндөр болох юм. Мөнгөн тэмдэгт гэмтсэн, ашиглах боломжгүй болсон тохиолдолд дэвсгэртийн дөрөвний гурваас дээш хувь нь гэмтээгүй бол Төв банк бүтэн нэрлэсэн үнээр нь буцаан сольж өгдөг ажээ. Хүмүүс мөнгөн дэвсгэртийг гэмтээх, бохирдуулах тохиолдол маш олон янз байдаг аж. Тухайлбал өнгөрсөн жил Сөүл хотын иргэн Лигийн гэрт хадгалаастай байсан 19.1 сая вон түймэрт өртөж шатсан бол, Чолланамду аймгийн иргэн Хон 15.48 сая воныг газарт булж хадгалснаас чийг аван ялзарч ашиглах боломжгүй болсныг Төв банк шинэ дэвсгэртээр сольж өгчээ. Тус банк эдгээр ашиглах боломжгүй болсон мөнгөн дэвсгэртийг ихэнхдээ шатааж устгадаг ажээ. Мөн контемпорари уран бүтээлчийн хүсэлтийн дагуу ашиглах боломжгүй болсон 1500 кг мөнгөн дэвсгэртийг зөвхөн уран бүтээлийн материал болгон ашиглах зорилгоор олгосон байна. Тус улсын Төв банкны албаны хүн “Гэмтсэн мөнгөн тэмдэгтийг бетон арматур зэрэг материал болгон дахин боловсруулж болно” гээд энэ жил гадны байгууллагуудтай хамтран энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа онцолсон байна.
Эх сурвалж: “Yonhap news” агентлаг
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.