images

99 настай эмээ усанд сэлэлтээр дэлхийн гурван дээд амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-24


   Саяхан Канадад болсон усанд сэлэлтийн тэмцээний 100-104 насны ангилалд 99 настай Бетти Брюссель хэмээх эмэгтэй дэлхийн дээд амжилт тогтоосон тухай “Guardian” сонин мэдээлэв. 1924 онд Нидерландад төрсөн Б.Брюссель өдгөө 99 настай ч усанд сэлэлтийн төрлийг тамирчдын төрсөн он, насаар нь ангилдаг тул 100-104 насны ангилалд өрсөлдсөн байна. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд 400 метрийн чөлөөт сэлэлт, 50 метрийн араар даллах сэлэлт, 50 метрийн мэлхий сэлэлт гэсэн гурван төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.  400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 12 минут 50.3 секундын амжилт үзүүлсэн нь одоогийн дэлхийн дээд амжилт болох 16 минут 36.8 секундээс 4 минут орчим хурдан байжээ. Мөн 50 метрийн араар даллах төрөлд 1 минут 24.91 секунд, 50 метрийн мэлхий сэлэлтэд 1 минут 56 секундын амжилт үзүүлсэн байна. 1959 онд нөхрийнхөө хамт Канадад цагаачилж ирсэн Б.Брюссель 60 гаруй наснаасаа усанд сэлэлтийн тэмцээнд оролцож эхэлжээ. Тэр гэрийнхээ усан санд өдөр бүр ганцаараа бэлтгэл хийдэг тухайгаа ярьсан бөгөөд тэмцээний тухайд "Би уралдаж байхдаа юу ч боддоггүй. Хурдаа жигд хадгалж сүүлийн тойрогт бүх хүчээ зарцуулдаг" гэжээ. Харин дээд амжилт тогтоох тухай огт бодож байгаагүй бөгөөд зүгээр л усанд сэлэх нь түүнд юу юунаас илүү аз жаргалтай байдаг тухай өгүүлсэн байна. Хэдэн жилийн өмнө нөхөр нь өөд болж, одоо ганцаар амьдардаг тэрбээр хөгшрөх тухай огт бодож байгаагүй, аливаа зүйлд бухимдах, сэтгэл тавгүйтэх үедээ усанд сэлж тайвширдаг тухайгаа хэвлэлд ярьжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.