images

Орос: Муур хөлдөж үхсэнээс болж галт тэрэгний үйлчлэгч ажлаасаа халагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-24


   Энэ сарын 11-ний өдөр Оросын Екатеринбург-Санкт-Петербург чиглэлийн галт тэргэнд явсан Твикс нэртэй муурыг галт тэрэгний үйлчлэгч Киров өртөөнд буулгаж хаяснаар уг муур хөлдөж үхсэн тухай news.ru мэдээлжээ. Асуудлын гол нь уг муур зорчих тасалбартай, эзнийхээ хамт явсан байна. Муурын эзэн Эдгар Гайпулинsu унтаж байх хооронд Твикс торноос гарч галт тэргэн дотуур хэсүүчилж явсныг үйлчлэгч эзэнгүй муур хэмээн үзэж өртөөн дээр буулгаж хаясан байв. Муур нь алга болсныг мэдсэн эзэн төмөр замын удирдлагуудад мэдэгдсэн бөгөөд цааш нь олон нийтийн сүлжээнд мэдээлснээр олон зуун сайн дурынхан Киров өртөөний эргэн тойронд эрэлд гарчээ. Гэтэл 20-ны өдөр тус өртөөнөөс 8 км-ийн зайд муурыг үхсэн байхыг олсон байна. Сайн дурынхан Твиксийг нохойд бариулж бэртээд, хүйтэнд хөлдөж үхсэн хэмээн таамаглаж байна. Учир нь тухайн үед Киров мужид хүйтний эрч -30 хэм хүрч байснаас гадна түүний биед нохойд бариулсан шарх сорви байжээ. Энэ тухай мэдээлэл цахим сүлжээгээр тарж хүмүүсийн шүүмжлэл өрнөсөн бөгөөд муурыг буулгаж хаясан үйлчлэгчид арга хэмжээ авахыг шаардсан 300 мянга гаруй санал иржээ. Мөн тухайн өдрийн гал тэрэгний багийнхны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг хүссэн өргөдөлд 100 мянга гаруй хүн гарын үсэг зурсан байна. Үүний хариуд Оросын төмөр зам гал тэргээр мал, амьтан тээвэрлэх журамд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, багийн гишүүдийг галт тэрэгнээс мал, амьтныг зөвшөөрөлгүй буулгахыг хоригложээ. Тус улсын Төрийн Думын Байгаль орчны байнгын хорооны дарга Дмитрий Кобылкин нийтийн тээврийн хэрэгслээр тэжээвэр амьтдыг тээвэрлэх журмыг дахин авч хэлэлцэхээр болсноо мэдэгдэж “Цаашид ийм төрлийн осол гаргахгүй байх үүднээс бүх арга хэмжээ авна” гэжээ. Хэргийн эзэн болсон галт тэрэгний үйлчлэгч “Муурыг эзэнтэй эсэхийг зорчигчдоос хэдэнтээ асуусан. Эзэн нь гарч ирээгүй учраас халдварт өвчтэй байх вий гэж болгоомжилж өртөөн дээр буулгасан” гэсэн тайлбар хэлсэн байна. РИА Новости агентлагийн мэдээлснээр үйлчлэгч ажлаас халагдсан байна. Асран хамгаалж явсан амьтандаа хайхрамжгүй хандсан хэмээн муурны эзэнд мөн хариуцлага тооцохыг иргэд уриалж байна. Орос бол мууранд онцгой сайн ханддаг гэдгээрээ алдартай орон юм. Судалгаагаар тус улсад 23 сая гаруй муур байдаг гэсэн тоо гарсан нь Европт хамгийн олонд орно. Тэр дундаа Санкт-Петербург хотыг хархны хөнөөлөөс хамгаалахад муур онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн үздэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.