Нельсон Манделагийн хэрэглэж байсан эд зүйлс дуудлага худалдаанд орох уу?
Анд нөхдийн мэдээ
2024-01-24
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн хэрэглэж байсан эд зүйлсийг Нью-Йорк хотод дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Гэвч үүнийг тойрсон элдэв маргаан, эсэргүүцэл гарах болсон тухай “The Star” сонин мэдээлсэн байна. Тухайлбал Өмнөд Африкийн засгийн газар дуудлага худалдаа зохион байгуулахыг эсэргүүцэж, мөн түүний гэр бүлийн зарим гишүүд ч засгийн газрынхаа талд оржээ. Ирэх сарын 22-нд болохоор товлогдсон уг дуудлага худалдаанд Н.Манделагийн 70 орчим эд зүйлийг борлуулахаар болсон байжээ. Тухайлбал тэрбээр 1996 онд Английн хатан хаан Элизабеттай уулзахдаа өмсөж байсан цамц, 1993 оны иргэний үнэмлэх, Барак Обама, Билл Клинтон зэрэг АНУ-ын ерөнхийлөгч нараас авсан бэлэг, захидал, мөн тэмээн хяруулын арьсан цүнх багтсан байна. Харин түүний анхны эхнэрээс төрсөн ууган охин М.Маказиве дуудлага худалдааг зохион байгуулахыг дэмжиж, олсон орлогыг нь аавынхаа төрсөн хот болох Зүүн Кейп мужийн Куну тосгонд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахад зарцуулахаа мэдэгдсэн байна. Гэтэл Н.Манделагийн ач хүү Мбусова Ндаба нагац эгчийнхээ шийдвэрийг эсэргүүцэж, дуудлага худалдааны талаар юу ч сонсоогүй гэж мэдэгджээ. Нью-Йорк хотод амьдардаг М.Ндаба “Миний өвөөгийн эд хөрөнгө манай гэр бүлийнхээс гадна манай улсын өмч” хэмээн сонинд ярилцлага өгчээ. Н.Манделагийн эд зүйлсийг дуудлага худалдаагаар худалдах гэсэн энэ удаагийн оролдого анхных биш аж. Хоёр жилийн өмнө буюу 2022 оны хоёрдугаар сард мөн түүний эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулах гэсэн ч Өмнөд Африкийн засгийн газрын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас цуцлагдсан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүх хурал болж дуудлага худалдаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.