Алексей Навальный: Шоронд В.Путины дэглэмийг сурталчилсан дууг заавал сонсохыг албаддаг
Анд нөхдийн мэдээ
2024-01-23
Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хоригдож буй шоронд нь өглөө бүр Владимир Путины дэглэмийг сурталчилсан дуу эгшиглэдэг тухай мэдээлжээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр тэрбээр өмгөөлөгчдөө энэ тухай ярихдаа "Өглөө бүр 5:00 цагт Оросын төрийн дуулал эгшиглэсний дараа В.Путиныг дэмжигч дуучин Шаманы "Би Орос хүн" дуу явдаг бөгөөд түүнийг заавал сонсохыг албаддаг" гэсэн байна. Улмаар “Дуучин Шаман намайг шоронд хоригдсоны дараа нэрд гарсан тул би түүнийг сайн танихгүй. Гэхдээ түүнийг В.Путины дэглэмийг дэмжигч гэдгийг мэдэж байна" гэжээ. Шаман нэрээр алдаршсан дуучин Ярослав Дронов нь Украины дайны дараах Оросын дэглэмийг дэмжиж эх оронч үзлээ илэрхийлснээс эхлээд нэр алдарт хүрч телевизийн шоуны хүндтэй зочин болсон юм. Тэрбээр мөн ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд В.Путиныг дэмжинэ гэдгээ ил цагаан илэрхийлсэн алдартнуудын нэг. Шаман тайзан дээр Оросын төрийн далбааны өнгийн тууз гартаа зүүж, "Би Орос хүн" дууг дуулдаг бөгөөд дууны үг нь оросууд ялагддаггүй, бүхний төгсгөлийг үзэж чаддаг гэсэн утгатай ажээ. А.Навальный одоо Сибирийн гуравдугаар хорих ангид хоригдож байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.