Зургаан хөлтэй нохой хүмүүсийн хандивын ачаар хагалгаанд орж эрүүл болов
Анд нөхдийн мэдээ
2024-01-22
Их Британи улсад зургаан хөлтэй төрж гудамжинд хаягдсан нохой дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан мөнгөн хандивын ачаар хагалгаанд орж эрүүл болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Сомерсет мужийн Бристол хотын мал эмнэлэгт Ариэль нэртэй спаниэль нохой илүү хоёр хөлөө авахуулах мэс засал хийлгэсэн байна. Уг нохойг өнгөрсөн оны есдүгээр сард 11 долоо хоногтой байхдаа дэлгүүрийн зогсоол дээр хаягдсан байхад нь хүмүүс олж, амьтан хамгаалах "Green Acres Rescue" нийгэмлэгт хүргэжээ. Нохойг мал эмнэлэгт оношлуулахад дөрвөн хөлнөөс гадна ташаандаа хоёр хөлтэй байв. Илүүдэл хоёр хөл нь лусын дагины сүүл шиг харагддаг байсан тул "Лусын дагина" киноны гол дүрийн нэрээр Ариэль хэмээн нэрлэсэн байна. Улмаар тус нийгэмлэг нохойн талаар цахим орчинд нийтэлж тусламж хүссэнээр дэлхийн өнцөг булан бүрээс 15 мянган паунд цугларчээ. Хоёр цаг хийсэн хагалгаа амжилттай болсон бөгөөд одоо Ариэль хэвийн алхаж, хооллож байгаа аж. “Green Acres Rescue” нийгэмлэг Ариэлийг энэ долоо хоногт эмнэлгээс гарган физик эмчилгээнд оруулна. Харин эдгэрснийх нь дараа түүнийг эзэнтэй болгоно гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.