images

Япон гэрэл зурагчин "галаар амьсгалж буй" тогорууны зураг авчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-22


   Японы гэрэл зурагчин Коки Үэда хос тогоруу галаар амьсгалж буй мэт харагдахуйц зураг авсан нь Японы интернэт хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байна. Мэргэжлийн гэрэл зурагчин К.Үэда энэ зургийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд Хоккайдо мужийн Цүрүй тосгонд авсан бөгөөд тус тосгон нь 12 дугаар сарын дундаас сүүл үе хүртэл тогоруу олноор цуглардаг газар гэдгээрээ алдартай ажээ. Тэрбээр тогоруу галаар амьсгалж буй мэт энэ үзэгдлийг хэдэн жилийн өмнө уг тосгонд явж байхдаа олж харсан тул тэрхүү агшныг гэрэл зурагт буулгах гэж олон жил оролдсон байна. Гэсэн хэдий ч яг буулгахад цаг агаар, нар ургах цаг, тогорууны хөдөлгөөн зэрэг олон нөхцөл нэгэн зэрэг бүрдэх шаардлагатай байв. Энэ нөхцлийг бүрдүүлж хүссэн гэрэл зургаа буулгах гэж долоон удаа оролдож бүтэлгүйтсэн ч найм дахь оролдлогоороо буулгаж чадсан байна. Анх харахад тогоруунууд галаар амьсгалж буй мэт үзэгдэх боловч нар мандах үеийн гэрэл доорх тогорууны амьсгал, амнаас гарсан уур ийнхүү галын дөл мэт харагддаг байна. Тэрбээр "Тогорууд улбар шар өнгөөр ​​амьсгалан буйг анх харахад үнэнхүү сэтгэл хөдөлсөн. Энэ ховор дүр зургийг нүдээр харж, хальсанд буулгасандаа баяртай байна" гэжээ. К.Үэда энэ зурагтаа “Галаар амьсгалж буй хос тогоруу” гэсэн тайлбар хийж цахим орчинд нийтэлсэнд 3.9 сая хандалт авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.