images

Итали: Эсэргүүцлээ илэрхийлэх нэрийдлээр соёлын дурсгал гэмтээх явдалтай эвлэрэхгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-19


   Итали улс байгаль орчин, уур амьсгалын төлөөх идэвхтнүүд эсэргүүцэл илэрхийлэх нэрийдлээр соёлын дурсгалт газруудад хохирол учруулж байгаад ногдуулах шийтгэлийг чангатгахаа мэдэгдэв. Энэ хүрээнд тус улсын парламент хөшөө дурсгал, соёлын үнэт өвийг гэмтээсэн тохиолдолд торгуулийн хэмжээг одоогийнхоос дөрөв дахин нэмэгдүүлэх хуулийн төслийг баталсан байна. Уг хуульд зааснаар хөшөө дурсгалын гадаргууг зурж гэмтээвэл дээд тал нь 40 мянган еврогийн торгууль ногдуулахаар заажээ. Мөн үнэт зүйлд ноцтой хохирол учруулбал 60 мянга хүртэл еврогоор торгох аж. Ийм төрлийн торгууль өмнө нь үйлчилж байсан хуулиар бол 1500-15000 евро хооронд хэлбэлздэг байв. Сүүлийн үед Европын орнууд, тэр дундаа Италид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтнүүд эсэргүүцлээ илэрхийлэхдээ урлагийн бүтээл, соёлын үнэт зүйлс, дурсгалт барилгуудыг эвдэж сүйтгэх явдал газар авах болсон байна. Өнгөрсөн жил тэмцэгчид Ром, Венецийн алдартай усан оргилуурт будаг асгаж байсан юм. Мөн өнгөрсөн наймдугаар сард нэгэн герман жуулчин Флоренцийн алдарт Васари цогцолборын ханыг зурж гэмтээсэн хэргээр баривчлагдаж байв. Их Британи, Австри, Герман зэрэг улсад ч эсэргүүцлийн жагсаалд оролцогчид урлагийн бүтээл, түүхэн дурсгалт газруудыг гэмтээсэн явдал гарч байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.