Италийн Дээд шүүх фашист ёсолгоог гэмт хэрэг биш гэж үзэв
Анд нөхдийн мэдээ
2024-01-19
Италийн олон нийтийн дунд фашист ёсолгоог зохимжтой эсэх талаар маргаан өрнөөд буй энэ үед Дээд шүүх уг ёсолгоог гэмт хэрэг биш гэж үзсэн тухай “Guardian” сонин мэдээлэв. Алгаа доош харуулж, гараа урагш сунган мэндчилдэг уг ёсолгоо нь дарангуйлагч Бенито Муссолиний үед фашизмын бэлгэдэл болж байсан юм. 2016 онд нэгэн арга хэмжээнд фашист ёсолгоо хийсэн хэмээн буруутгагдаж буй найман неофашист идэвхтний шүүх хурал саяхан болоход тус улсын Дээд шүүх фашист мэндчилгээг нийгмийн хэв журамд заналхийлээгүй, фашист улс төрийн намыг сэргээх агуулгагүй хэмээн шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн 7-ны өдөр фашизмыг дэмжигч хэдэн зуун хүн Ром хотын төвд, Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн тэргүүлдэг эрх баригч намын хуучин байрны өмнө цугларч жагсахдаа фашист ёсолгоогоор ёсолсон юм. Энэ явдлын дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан нь нийгэмд ихээхэн шуугиан дэгдээсэн бөгөөд сөрөг хүчний намууд болон иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Дээд шүүх олон нийтийн хэв журам алдагдуулах, фашист улс төрийн намуудыг сэргээх зорилгоор биш л бол фашист мэндчилгээг хориглох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан нь илүү их шүүмжлэл дагуулж байгаа тухай мөн тус сонин мэдээлжээ. Муссолинигийн засаглалын үед дэлхийн II дайны хор хөнөөлийг багагүй амссан Итали улс дайны дараа фашизмыг магтан алдаршуулах, фашистуудын үйл ажиллагааг сурталчлахыг хориглосон боловч энэ хууль бодитой хэрэгжихгүй байгааг иргэд шүүмжилж байна. 1957 онд Италийн Үндсэн хуулийн цэц уг хуулийн үйлчлэх хүрээг "Зөвхөн Италид фашизмыг сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаанд хамаарна" хэмээн заажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.