images

Хойд Солонгос: Өсвөр насны хоёр хүүхэд Өмнөдийн кино үзсэн хэргээр шийтгүүлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-19


   Өмнөд Солонгосын олон ангит киног үзсэнийхээ төлөө Хойд Солонгост өсвөр насны хоёр хүү 12 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлсэн тухай бичлэг олж авснаа Британийн ВВС агентлаг мэдээлэв. "2022 онд хийсэн бололтой уг бичлэгт гадаа талбайд олон зуун оюутны өмнө гав зүүсэн 16 настай хоёр хүүг харуулсан байна" гэж тус агентлаг тайлбарлажээ. Бичлэгт Өмнөд Солонгосын соёл өсвөр насныхны дунд тархаж тэдний ирээдүйг сүйрүүлж байна гэх тайлбар хийсэн байна. Бичлэгийг Хойд Солонгосын дүрвэгсэдтэй хамтран ажилладаг Өмнөд Солонгосын SAND хүрээлэнгээс авчээ. Хойд Солонгосоос дүрвэсэн нэгэн иргэн BBC-д өгсөн ярилцлагадаа "Хэрэв Америкийн кино үзэж байгаад баригдвал хахууль өгөөд хэл үггүй салж болох ч Өмнөд Солонгосын кино, жүжиг үзвэл цаазаар авах хүртэл хатуу ялаар шийтгэдэг” гээд, Өмнөд Солонгосын олон ангит кино нь хүнд бэрхшээлээ даван туулахад урам зориг өгдөг талаар өгүүлжээ. Мөн 20 гаруй насны өөр нэг дүрвэгч "Өмнөд солонгосчуудыг биднээс хамаагүй доор амьдардаг гэж манайд сургадаг ч тэдний олон ангит кинонуудыг үзэхэд огт өөр байдаг. Эрх баригчид үүнээс их болгоомжилдог юм" гэжээ. 2000-аад онд Өмнөд Солонгосын Засгийн газар Умардтай харилцаагаа сайжруулах "Нарны илч" бодлого хэрэгжүүлж эхэлсэн үеэс Хойд Солонгосын иргэд Өмнөдийн урлаг соёлын талаар илүү их мэдээлэл авч эхэлсэн юм. Мөн Өмнөдийн зугаа цэнгээн, урлаг соёлын талаарх мэдээлэл ихэвчлэн Хятадаар дамжин Хойд Солонгост нэвтэрдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.