images

Мадоннагийн тоглолт цагаасаа хоцорч эхэлсэнд гомдсон үзэгчид шүүхэд ханджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-19


   Америкийн поп од Мадонна тоглолтоо товлосон цагаасаа хоёр цаг орчим хоцорч эхэлсэн тул үзэгчид шүүхэд гомдол гаргасан тухай ABC News мэдээлэв. Тодруулбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Нью-Йорк хотын “Barclays Center”-т болсон Мадоннагийн “Celebration” аялан тоглолт 20:30 цагт эхлэхээр байсан ч  товлосон цагаасаа хоёр цаг гаруй хоцорч 22:45 цагт эхэлсэн хэмээн Нью-Йорк хотын иргэн  Майкл Феллус, Жонатан Хадден нар гомдол гаргасан байна. Улмаар тоглолт шөнийн 01.00 цагт дууссан тул нийтийн тээврээр зорчих боломжгүй болж, такси хөлөглөсөн тухайгаа дурдаад, үүнээс үүдэн гарсан хохирлыг нэхэмжилжээ. Мөн оройтож харьсан хүмүүс маргааш өглөө нь ажилдаа явах, гэр бүлээ халамжлахад ихээхэн саад учирсныг нэмж дурдсан байна. Тэд дуучин болон зохион байгуулагч талыг үзэгчидтэй тохирсон тохироогоо зөрчсөн гэж буруутган "Энэ бол ухамсаргүй, шударга бус, хууран мэхэлсэн явдал" гэж мэдэгджээ. Дуучин Мадоннагийн хувьд энэ нь шинэ зүйл биш юм. 2019 оны арваннэгдүгээр сард Флорида мужийн нэгэн иргэн түүнийг тоглолтоо хоёр цагаар хоцроон эхэлж үзэгчдээ үл хүндэтгэсэн хэмээн шүүхэд хандсан ч сарын дараа нэхэмжлэлээ буцаан татаж байв. 2020 оны хоёрдугаар сард мөн ийм шалтгаанаар хоёр хүн шүүхэд хандсан ч таван сарын дараа талууд хоорондоо тохиролцон эвлэрч байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.