Норвеги: Гадаад улсаас хүүхэд үрчлэх асуудлыг түр зогсооно
Анд нөхдийн мэдээ
2024-01-18
Норвеги улс үрчлүүлэх нэрийдлээр Өмнөд Солонгос зэрэг Азийн орнуудаас хууль бусаар хүүхэд оруулж ирдэг асуудал дээр хатуу хяналт тавихаа мэдэгдэв. “New York Times” сонины мэдээлснээр тус улсын Хүүхэд, залуучууд, гэр бүлийн яам гадаадаас хүүхэд үрчлэх асуудлыг түр зогсоохоор хэлэлцэж байгаа аж. Мөн Норвегийн Улс төрийн бодлогын хүрээлэн 16-ны өдөр дээрх утга бүхий зөвлөмж гаргаж, Засгийн газартаа хүргүүлжээ. Энэхүү зөвлөмж нь бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, хууль зөрчсөн, мөнгө олох зорилго агуулсан, хүүхэд хулгайлсан зэрэг хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй хэргүүдийн шалгалтын ажиллагаа дуустал гадаадаас хүүхэд үрчлэх асуудлыг түр зогсоохыг хүссэн агуулгатай юм. Мөн хэвлэлүүд гадаадаас хүүхэд үрчлэх зарим тохиолдол нь хууль бусаар, авлигын замаар явагдаж байгаа тухай эрэн сурвалжилж нийтлэх болсноор энэ асуудал нийгмийн анхааралд оржээ. Тухайлбал нэгэн норвеги эмэгтэй өөрийгөө 50 жилийн өмнө Өмнөд Солонгосоос хулгайлагдаж ирсэн болохоо хэзээ хойно мэдсэн бол өөр нэгэн эмэгтэй төрсөн аав ээж нь байсан хэдий ч эмээ нь түүнийг асрамжийн газарт өгч, улмаар өөр айлд өргөгдсөн тухай үнэнийг нэгэн нууц захидлаас олж мэдсэн зэрэг баримтууд ил болсон байна. Тус улсад үрчлэгдсэн хүүхдүүдийн дийлэнх нь Өмнөд Солонгос, Филиппин, Тайланд, Тайвань, Колумб зэрэг улсаас ирсэн байдаг. 1970-1980-аад оны үед Өмнөд Солонгост Засгийн газрын зөвшөөрөлтэй хувийн дөрвөн байгууллагаар дамжуулан АНУ, Европын орнууд руу үрчлүүлэхээр явуулсан солонгос хүүхдийн тоо 200 мянгад хүрч байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.