Хятадын либерал эдийн засагч 95 насандаа Канад руу дүрвэжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-17
Хятадын либерал эдийн засагч Мао Юши 95 насандаа Канад руу дүрвэсэн тухай Тайванийн “Free Times” сонин мэдээлэв. Канадын Ванкувер хотын нэгэн ресторанд 95 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн эхнэрийнхээ хамт бялуу хувааж байгаа түүний зураг X (хуучнаар Твиттер)-т нийтлэгдсэн байна. Хилийн чанадад аж төрж, Хятадын цаг үеийн асуудлыг байнга шүүмжилдэг Цай Шианкун энэ тухайд "Насан туршдаа эрх чөлөөний төлөө тэмцсэн ноён Мао Юши 95 насандаа эрх чөлөөтэй газар ирлээ. Тэр Хятад руу буцах бодолгүй байгаагаа хэлсэн” хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн байна. Мао Юши Хятадын босоо бүтэцтэй эдийн засгийн бодлогыг байнга шүүмжилдэг байсан бөгөөд 1993 онд “Тянзе” эдийн засгийн судалгааны хүрээлэнг байгуулж байжээ. Тус хүрээлэн нь Хятадын эдийн засгийг либералчлах, улс төрийн ардчиллыг хөгжүүлэх, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх зэрэг эмзэг сэдвүүдээр байнга семинар зохион байгуулж, эрх баригчдыг шүүмжилдэг байсан аж. Хамгийн сүүлд тэрбээр Ши Жиньпинийг засгийн эрхэнд гарсны дараа Хятадын эдийн засгийн бодлогыг хатуу шүүмжилснээсээ болж эрх баригчдын дарамтын улмаас 2017 оны 11 дүгээр сард өөрийн сайт болон олон нийтийн сүлжээн дэх хаягаа хаахад хүрсэн байна. Тэрбээр Хятадыг либералчлах үйлсэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө 2012 онд Милтон Фридманы шагнал хүртэж, 2014 онд Их Британийн улс төрийн "Prospect" сэтгүүлээс "Оны шилдэг сэтгэгч"-ээр шалгарсан цорын ганц хятад хүн болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.