images

Өвлийн хүйтнээр өдөр бүр нуурын усанд сэлж буй хоёр эрийн түүх

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-17


   АНУ-ын Чикаго хотын Мичиган нуурын эрэг дээр өвлийн ид хүйтнээр усны хувцастай гарч ирсэн хоёр эр олны анхаарал татаж байна. Тэд Америкийн анхны хүнд рок хамтлагийн нэг “Blue Cheer”-ийн дебют цомог гарсны 56 жилийн ойг ийн өвөрмөц байдлаар тэмдэглэж буйгаа хэлжээ. Улмаар тус хамтлагийн цомгийг гарган үзүүлээд, хоёул мөстөж хөлдсөн нуурын ус руу үсрэн орж байгаа бичлэгээ цахим сүлжээнд нийтэлсэн байна. Тухайн өдөр Чикаго хотод -29-өөс -33 хэмийн хүйтэн байв. Мөн энэ үеэр тус улсын Цаг уурын алба Иллинойс мужийн зүүн хойд болон төв хэсэгт, тэр дундаа Чикаго хотод эрс хүйтэрч байгаа тухай мэдээлж, хүмүүсийг онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг сэрэмжлүүлж байсан аж. Гэсэн ч өөрийгөө "Great Lake Jumper" хэмээн нэрлэсэн Чикаго хотын оршин суугч, 56 настай Дэн О'Коннор ийнхүү ид хүйтнээр нуурын усанд ажралгүй сэлж байсан бөгөөд 2020 оны 6 дугаар сараас хойш 1200 гаруй хоногийн турш өглөө бүр энд ирж ийнхүү “Өглөөний дасгал” хийдэг болохоо хэлсэн байна. Мэдээллийн сэтгүүлийн редакцид зар сурталчилгааны мэргэжилтэн байсан тэрбээр цар тахлын хорионы үеэр өөрийгөө сорих зорилгоор нуурын усанд шумбаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч өдөр алгасаагүй гэнэ. Д.О'Коннор “Chicago Tribune” сонинд өгсөн ярилцлагадаа "Мөстэй усанд сэлэхийн сайн тал гэвэл би маш олныг хэлж чадна. Хамгийн наад зах нь надад эрч хүч, энерги өгдөг. Анх би зүгээр л сонирхож хийж үзсэн юм. Одоо бол надаас салгахын аргагүй зан үйл болжээ” хэмээн хариулсан байна. Улмаар цаг агаар хүйтрэх тусам нуурын усанд сэлэхээр яардаг тухайгаа хэлжээ. Харин түүний найз нь элдэв бухимдал, стрессээс ангижрахын тулд нуурын хүйтэн усанд шумбаж эхэлсэн, шумбах тусам улам татагдах болсноо ярьсан байна. О'Коннор нь рок хөгжмийн хорхойтон бөгөөд сүүлийн үед өөрийн шүтэн биширдэг рок хамтлаг, дуучдыг улам алдаршуулах зорилгоор нуурын усанд шумбах болгондоо аль нэг хамтлаг, дуучны тухай дурсдаг болсон ажээ. Эцэст нь тэрбээр ямар нэгэн зүйлд гомдож, гоморхож суухын оронд сайн сайхан зүйлд тэмүүлж, өөрийгөө гэрэлтүүлж амьдрахыг хүмүүст хандан уриалсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.