Японы ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргий Абэ Акиэ: Татвар төлөгчдийн мөнгөөр амьдарна гэдэг надад ичгэвтэр санагддаг
Анд нөхдийн мэдээ
2024-01-17
Өнөөдөр Японы Токио хот дахь БНСУ-ын Элчин сайдын яаман дээр кимчи даршлах ёслол болж түүнд Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргий Абэ Акиэ оролцсон байна. Энэ үеэр Өмнөд Солонгосын “Chosun Ilbo” сонины сурвалжлагч түүнтэй уулзаж ярилцжээ.
- Таныг Солонгосын олон ангит кинонд дуртай учраас солонгос хэл сурсан гэж дуулсан?
- Би солонгос олон ангит кинонд дуртай нь үнэн. Гэхдээ зөвхөн ингэж ойлгох нь буруу. 2000-аад оны эхээр би хэзээ нэгэн цагт заавал Хойд Солонгост очиж үзнэ хэмээн бат шийдээд солонгос хэл сурч эхэлсэн. Япон иргэдийг Хойд Солонгост хулгайлж одсон асуудлыг энэ хэвээр нь үлдээж болохгүй гэж бодсонтой маань холбоотой юм. Миний нөхөр Хойд Солонгост хулгайлагдсан хохирогчдыг эргүүлж авчрахын төлөө бүх амьдралаа зориулсан хүн. Би ч мөн адил. Үүнээс үүдэн, Хойд Солонгост очлоо гэхэд тэдэнтэй хэлмэрчээр дамжуулан харилцах нь учир дутагдалтай юм, тэндхийн жирийн хүмүүстэй хэлээр нь шууд харилцаж ярилцах нь зөв гэж үзсэн хэрэг.
- Хулгайлагдсан хүмүүсийн асуудал Өмнөд Солонгосын хувьд ч ноцтой асуудал болоод байна?
- Энэ нь манай хоёр оны аль алинд тулгарсан асуудал учраас Япон, Солонгос хоёр орон цаашид улам ойр дотно хамтран ажиллана гэж найдаж байна. Манай хоёр орны хооронд найрсаг харилцаа тогтсоноор Зүүн Азид тогтвортой байдал бий болно. Хойд Солонгост сайн хүмүүс байдаг нь мэдээж. Гэхдээ одоогийн нөхцөл байдал нь үнэхээр харамсалтай санагддаг.
- Та солонгос киног орчуулгагүйгээр шууд үздэг гэсэн?
- Нөхөр маань "Манай эхнэр Солонгос орныг, бас солонгос хэлийг надаас илүү мэднэ” гэж хэлдэг байсан юм. Энэ нь намайг хэтэрхий дөвийлгөсөн үг байсан. Харин ч миний хэлний түвшин ийм тааруу байгаа нь ичмээр явдал юм.
- Токиод болсон кимчи хийх арга хэмжээнд та байнга оролцох юм? Үүнд улс төрийн ямар нэгэн тооцоо, зорилго бий юу?
- Тийм ээ, би байнга очдог. Үүнд улс төрийн ямар нэг агуулга, зорилго байхгүй. Би кимчинд дуртай, харин энэ удаа өөрөө кимчи хийж үзмээр санагдсан юм. Нэг удаагийн арга хэмжээнд би бүр солонгос үндэсний хувцас өмсөж очиж байлаа. Надад зүгээр л таалагддаг юм.
- Та Ерөнхий сайдын гэргий байхдаа япон маягийн архины мухлаг (изакая) ажиллуулдаг байсан. Ерөнхий сайдын гэргий архины мухлаг ажиллуулна гэхээр Японоос бусад газар бол ойлгоход бэрх юм.
- 2011 онд Японд айхтар хүчтэй газар хөдлөлт болж, Токио хот ихээхэн хохирол амссан юм. Тэр үед би, хүнд мөнгө байсан ч хоол унд авч чадахгүй тийм үе тохиолдож болох юм байна гэдгийг ойлгосон. Ингээд удалгүй Ямагүчи мужид будаа тариалж эхэлсэн юм. Мөн архины газар ч нээсэн. Ерөнхий сайдын эхнэр архины мухлаг ажиллуулж байна гэсэн шүүмжлэл гарах тусам нь би шаргуу ажиллаж байлаа. Татвар төлөгчдийн мөнгөөр амьдарна гэдэг надад мухлаг ажиллуулахаас ч ичгэвтэр санагддаг юм. Тэр мухлаг 2022 онд хаагдсан. Тухайн үед манай нэг гол хүн ажлаасаа гарч, нөхөр маань ч өөд болсон тул би хаах цаг болжээ гэж бодсон юм аа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.