images

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд гавж Н.Нанзаддоржийг нэр дэвшүүлжээ

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2024-01-17


   УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Д.Жавзандоржийг УИХ 2022 оны нэгдүгээр сард баталсан ч Д.Жавзандорж нь Гандантэгчэнлин хийдийн хамбаар томилогдсон тул Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар уг орон тоонд "Жавзандамба хутагт" төвийн багш, хансүр гавж Н.Нанзаддоржийг санал болгосон юм. Сонсголын үеэр тэрбээр гишүүдийн асуултад хариулахдаа “Энэ хариуцлагатай ажилд сонгогдвол түүх уламжлал, ёс заншлын талаар олон нийтэд таниулах, нэвтрүүлэг, контент бэлдэхэд гар бие оролцож зөвлөгөө өгнө. Монголын хуучны кинонуудад түүх, бурхан шашны талаар буруу ойлголт төрүүлэхүйц бүтээл их бий. Үүнд эмзэглэж явдаг тул цаашид гарах уран бүтээлд шашны талаар иргэдэд зөв ойлголт өгөхөд дэм болохоор хичээж ажиллана" хэмээн хэлжээ. Сонсгол явуулсны дараа Байнгын хорооны гишүүд тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.

  Ноовойн Нанзаддорж 1973 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд ерөнхий боловсролын 47 дугаар дунд сургуулийг 1990 онд төгсөөд Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд шавилан суужээ. 1995-2004 онд Энэтхэг улсад суралцан парчин, зод, умын дамжааг тус тус дүүргээд 2008 онд гавжийн дамжаа барьсан. 2005-2008 онд Гандантэгчэнлин хийдийн захиргааны тэргүүлэгч, 2008-2016 онд тус хийдийн дэд хамбаар ажилласан бөгөөд 2005 оноос хойш Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд багшилж байна.   

Гэрэл зургийн эх сурвалж: parliament.mn

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.