images

Швейцарын иргэд Хятадад визгүй зорчино

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-16


   Гадаадын жуулчдыг татах зорилготой тусгай бодлого гарган ажиллаж буй Хятад улс Швейцарын иргэдийг хилээрээ визгүй нэвтрүүлэхээр болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Швейцарт айлчилж байгаа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чан тус улсын ерөнхий сайд Виола Амхердтэй уулзахдаа энэ тухай мэдэгдсэн байна. Улмаар "Швейцар улс мөн адил манай иргэд болон Швейцарт хөрөнгө оруулалт хийж буй Хятадын компаниудад визийн хөнгөлөлт үзүүлнэ гэдэгт найдаж байна" гэжээ. Мөн хоёр тал дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, харилцаагаа тасралтгүй ахиулж, харилцан ашигтай ажиллан иргэдийн солилцоог бэхжүүлэхээр тохиролцжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард Хятад улс Франц, Герман, Итали, Нидерланд, Испани, Малайз зэрэг зургаан улсын иргэдэд 15 хүртэлх хоног визгүй зорчиж болох хөнгөлөлт үзүүлсэн юм. Түүнчлэн гуравдугаар сараас эхлэн Тайланд улстай байнгын визгүй зорчих горим хэрэгжүүлэхээр болсон байна. Ийм маягаар тус улс дэлхий дахинд илүү нээлттэй болж байгаа нь эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа энэ үед гадаадын жуулчдыг татах зорилготой юм. Хятадын Цагаачлалын албаны мэдээлснээр, өнгөрсөн оны 12 дугаар сард визийн чөлөөлөлт, хөнгөлөлт хэрэгжүүлсэн зургаан орноос ирсэн жуулчны тоо 214 мянга болж, өмнөх сарынхаас 28.5 хувиар нэмэгджээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.