Эртний хотын тууриас хулгайлж авсан юмаа буцаан өгч уучлал гуйжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-16
Саяхан Итали улсын “Помпей” археологийн хүрээлэнгийн захирал Габриэль Зухтригельд нэгэн илгээмж иржээ. Илгээмж дотор галт уулын чулууны хэлтэрхийнүүд болон захидал байсан бөгөөд нэрээ нууцалсан нэгэн эмэгтэй илгээсэн байна. Захидалдаа тэрбээр "Би хараал байдаг гэж мэддэггүй байжээ. Энэ чулууг байрнаас нь хөдөлгөж болохгүй гэж ч мэдсэнгүй. Эрүүл чийрэг, залуу эмэгтэй боловч би нэг жилийн дотор хөхний хорт хавдар туссан. Эмч нар үүнийг хараалаас болсон гэж байна. Тийм болохоор эдгээр чулууг буцааж өглөө, уучлал хүсэж буйг минь бас хүлээн авна уу” гэжээ. Захирал захидлын зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж "Бүсгүйг хурдан эдгэрэх болтугай гэж ерөөе" гэсэн байна. Эртний Ромын хот Помпей 1500 жилийн түүхтэй бөгөөд МЭ 79 онд Везувий галт уулын дэлбэрэлтээр сүйрсэн юм. Хотын туурийг 1549 онд Италийн нийслэлийг барьж байгуулах үеэр илрүүлж, XVIII зууны дунд үеэс малтлага хийж эхэлсэн байна. Помпей хотын туурь удалгүй Италийн аялал жуулчлалын гол төв болсны зэрэгцээ жуулчид уг газраас түүхэн дурсгалт эд зүйл нууцаар авч явах болсон юм. Энэ эмэгтэй тэдний нэг байсан бөгөөд өвчин туссан тул сүсэг бишрэлдээ хөтлөгдөн, авч явсан зүйлээ буцаан явуулсан нь тэр байжээ. Үүнтэй адил тохиолдол өмнө нь ч мөн хэдэнтээ гарч байв. Тухайлбал, гурван жилийн өмнө эмэгтэй хүнийг дүрсэлсэн эртний баримал мөн ийм замаар эргэн ирж байжээ. Тэрхүү баримал бас л “Үүнийг би 50 жилийн өмнө Помпей хотын тууриас хулгайлж авсан юм. Энэ явдлаасаа маш их ичиж, уучлал гуйн буцааж өгч байна" хэмээн учирласан захидлын хамт ирсэн аж. Мөн 2020 онд Канадын нэгэн жуулчин 15 жилийн өмнө мөн эд зүйл хулгайлж авснаас болж хараал хүрсэн хэмээгээд, шигтгээ бүхий хавтан, ваарын хэлтэрхийнүүд буцаан илгээж байжээ. Өнгөрсөн жилүүдэд энэ мэт тохиолдол тасраагүй, олон арван хүн түүхэн дурсгалт зүйл хулгайлснаа буцаан өгч, муу үйл хийснээсээ болж хараал хүрээд амьдрал ахуй нь бүтэлгүйтсэн тухайгаа учирласан талаар Италийн хэвлэлүүд бичсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.