images

“Miss America” тэмцээнд анх удаа армийн офицер бүсгүй түрүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-16


   Америкийн гоо бүсгүй шалгаруулах “Miss America” тэмцээн өчигдөр Флорида мужийн Орландо хотын "Walt Disney" театрт өндөрлөж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд Колорадо мужаас шалгарч оролцсон АНУ-ын Агаарийн цэргийн хүчний офицер, 22 настай Мэдисон Марш түрүүлж тэргүүн титмийн эзэн болсон тухай CNN мэдээлэв. М.Марш өнгөрсөн жил тус улсын Агаарын цэргийн академийг төгссөн, дэслэгч цолтой ажээ. Ингэснээр тус улсын түүхэнд анх удаа армийн офицер миссийн тэмцээнд түрүүлж байна. Тэрбээр шилдэг офицер төдийгүй спортоор хичээллэдэг, таэквондогийн хар бүстэй ажээ. М.Марш "Цэргийн сургуульд байхдаа биеийн тамирын зааланд байнга бэлтгэл хийдэг байсан. Энэ нь нөгөө талаар гоо бүсгүйн тэмцээнд оролцох бэлтгэл ч бас болж байлаа” гэсэн байна. Одоо тэрбээр Харвардын их сургуулийн Кеннедийн сургуулийн магистрт суралцаж байна. Түүнээс гадна М.Марш Харвардын Анагаах ухааны сургуулийн төгсөх ангийн дадлагажигч байхдаа хиймэл оюун ухаан (AI) ашиглан нойр булчирхайн хорт хавдрыг оношлох технологийг судалж байсан аж. Ээж нь нойр булчирхайн хорт хавдраар нас барсан тул ийм сэдэв сонгосноо тэрбээр хэвлэлд ярьж байв. "Би Агаарын цэргийн академийг төгсөхөөр суралцаж байхдаа анагаах ухаан, хорт хавдрын судалгаанд илүү их сонирхолтой гэдгээ ойлгосон” хэмээн тэрбээр хэлж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.