Хятад улс дэлхийн хамгийн хурдан галт тэргийг ашиглалтад оруулна
Анд нөхдийн мэдээ
2024-01-11
Хятад улс энэ жил дэлхийн хамгийн хурдан галт тэрэгний туршилтыг дуусгаж ирэх жил ашиглалтад оруулахаар болсон тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тус улсын Үндэсний төмөр замын группын мэдэгдсэнээр галт тэрэгний хамгийн сүүлийн загвар болох CR450-ын дээд хурд нь 450 км/цаг ажээ. Тус групп өнгөрсөн оны зургаадугаар сард Мэйжоу булан дахь далайн төмөр замын гүүрийг турших үеэр CR450 галт тэрэг 453 км/цаг хурдалж дэлхийн дээд амжилт тогтоосон байна. CR450 нь автомат удирдлага, дугуйны загвараас эхлээд жолооны систем, аюулгүй байдлын төхөөрөмж зэрэг төмөр замын гол технологийн судалгаагаар ирэх жил ашиглалтад орох нь баталгаажсан аж. Одоогоор тус улсад явж байгаа хурдны галт тэрэгний хамгийн дээд хурд 350 км/цаг байна. CR450 галт тэргийг нэвтрүүлснээр Бээжин-Шанхайн хооронд зорчих хугацаа 4 цаг гаруй байсан нь 2 цаг 30 минут болно. Бээжин-Шанхай чиглэлийн 1318 км төмөр замаар жилд 100 сая гаруй зорчигч зорчдог бөгөөд Хятадын хамгийн ачаалалтай замуудын нэг ажээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар тус улсын өндөр хурдны төмөр замын нийт урт 45 мянган км, төмөр замын сүлжээний нийт урт нь 159 мянган км болсон гэж Үндэсний төмөр замын групп өнөөдөр мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.