Филиппин: Хар тамхины хэргээр цаазын ял сонссон бүсгүйд өршөөл үзүүлэхийг хүсэв
Анд нөхдийн мэдээ
2024-01-11
Индонезид хар тамхины хэргээр цаазаар авах ял сонссон филиппин бүсгүйн ээж нь тус улсад айлчилж буй Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодод хандаж охиноо суллахыг хүссэн өргөдөл гаргасан тухай AFP агентлаг мэдээлэв. Цаазын ял сонссон Мэри Жэйн Велосогийн ээж өргөдөлдөө “Хилс хэргээр 14 жил шаналж буй охиноо суллуулахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Өнөөдөр түүний 39 насны төрсөн өдөр” гэжээ. Ж.Велосогийн гэр бүлийнхэн болон хүний эрхийн байгууллагууд түүнийг шударга бусаар хэлмэгдсэн хэмээн үзэж суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаалыг хоёр улсын удирдагчдын уулзсан ерөнхийлөгчийн ордны ойролцоо зохион байгуулжээ. Тэрбээр 2010 онд Индонезид чемоданд нуусан 2.6 кг героиныг хууль бусаар хил давуулсан хэргээр баривчлагдаж, шүүхээр орж гэм буруутайд тооцогдон цаазын ял авсан юм. Түүнийг Индонезид гэрийн үйлчлэгчээр ажилд орох гэж байгаад хар тамхины бүлэглэлд хууртагдаж ийм хэрэгт орсон гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа аж. 2015 онд уг бүсгүйг ашиглан хар тамхи зөөвөрлөсөн бүлэглэлийн гишүүд Филиппинд баривчлагдсаны дараа түүний цаазаар авах ялыг түр хойшлуулсан байна. Түүнээс хойш Филиппиний Засгийн газар М.Велосогийн ялыг бууруулах хүсэлтийг Индонезийн талд удаа дараа тавьсаар иржээ. Энэ сарын 9-ний өдөр Филиппиний Гадаад хэргийн сайд Энрике Манало Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсудитай уулзаж, М.Велосод өршөөл үзүүлэхийг хүссэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.