Европын холбооны комиссын дэд ерөнхийлөгч дуучин Тэйлор Свифтээс тусламж хүсэв
Анд нөхдийн мэдээ
2024-01-11
Европын Холбооны комиссын дэд ерөнхийлөгч Маргаритис Шинас өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Америкийн поп од Тэйлор Свифт тавдугаар сард Европт ирнэ. Би түүнийг Европын залуучуудад үлгэр дуурайл болж сайн сайханд уриална гэдэгт найдаж байна" гэж мэдэгдэв. Тодруулбал Т.Свифт АНУ-д болох завсрын сонгуулийн өмнө залуу сонгогчдыг саналаа өгөхийг уриалсны адил түүнийг зургадугаар сард болох Европын парламентын сонгуульд дуу хоолойгоо хүргэж залуусыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалахыг хүссэн байна. Мөн тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард Т.Свифт олон нийтийн сүлжээгээр дамжуулан америк залуусыг саналаа өгөхийг уриалахад нэг өдрийн дотор 30 мянган хүн сонгуульд саналаа өгч байсныг онцлон дурджээ. 1979 онд эхэлсэн Европын парламентын сонгууль 1999-2014 оны хооронд сонгогчдын ирц 50 хувиас бага байсан бөгөөд энэ байдал улам буурсаар 40 хувьд хүрч урьд өмнө байгаагүй доод түвшинд очсон байна. Харин 2019 онд сонгогчдын ирц 50,6 хувьтай байсан нь сүүлийн 20 жилд анх удаа 50 хувиас давсан нь үзүүлэлт ажээ. Энэ оны 6 дугаар сарын 6-наас 9-ний хооронд Европын холбооны 27 оронд явагдах сонгуулиар Европын парламентын 720 гишүүнийг таван жилийн хугацаатай сонгох юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.