Норвегийн парламент далайн гүнд хайгуул, олборлолт хийхийг зөвшөөрөв
Анд нөхдийн мэдээ
2024-01-10
Норвегийн парламент дотоодын болон олон улсын эсэргүүцлийг үл харгалзан өөрийн нутаг дэвсгэрт харьяалагдах далайн гүний 281 мянган км/кв талбайд ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг зөвшөөрсөн тухай CNN мэдээлэв. Хайгуул, олборлолт хийхийг зөвшөөрсөн талбайн хэмжээ нь Их Британийн газар нутгаас том, Германы нийт газар нутгийн 80 хувьтай тэнцэх хэмжээний талбай ажээ. Энэ шийдвэрээрээ Ерөнхий сайд Йонас Гар Стерээр ахлуулсан тус улсын Засгийн газар дэлхийд анх удаа далайн гүн дэх ашигт малтмалыг арилжааны аргаар ашиглахыг зөвшөөрөх үндэс суурийг тавьж байна. Газрын тос, байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч тус улс өнгөрсөн жил өөрийн нутаг дэвсгэрийн харьяа далайн ёроолд салхины эрчим хүчний байгууламж, цахилгаан тээврийн хэрэгслийн аккумлуяторт ашиглаж болох асар их хэмжээний ашигт малтмалыг илрүүлснээ зарласан юм. Тус улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэдээлснээр дээрх талбайд зэсийн нөөц 21.7 сая тонн, цайрын нөөцг 22.7 сая тонн байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь 2019 оны дэлхийн зэсийн олборлолтоос давсан үзүүлэлт ажээ. Мөн хайгуулын явцад электрон бүтээгдэхүүн, хайлшид ашигладаг өндөр агууламжтай литий, газрын ховор элементийн нэг төрөл болох скандиум илэрсэн байна. Дэлхий даяар далайн ёроолд зэс, кобальт, цайр, алт зэрэг ногоон эдийн засагт шаардлагатай олон эрдэс баялаг байдаг аж. Ийм учраас далайн ёроолын ашигт малтмалын олборлолт нь нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих шилжилтийг хурдасгаж, газар дээрх уул уурхайн олборлолттой харьцуулахад байгаль орчны хохирлыг бууруулах боломжтой гэж дэмжигчид үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.