Өмнөд Солонгос: Нохойн мах идэхийг хориглосон хууль батлав
Анд нөхдийн мэдээ
2024-01-10
Нохой үржүүлж нядлахыг хориглосон "Нохойн мах хүнсэнд хэрэглэхийг хориглох тухай" хууль өчигдөр БНСУ-ын парламентын хуралдаанаар батлагдав. Нохойн махыг хүнсэнд хэрэглэж ирсэн эртний уламжлалтай тус улсын парламентад суудалтай хоёр нам энэхүү хуулийн төслийг дэмжиж баталсныг гадаадын хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Тухайлбал CNN мэдээлэхдээ "Энэ хууль нь үндэсний хэмжээнд удаан хугацаанд маргаан дагуулсаар ирсэн нохойн мах иддэг уламжлалыг зогсоож байна" гээд Өмнөд Солонгост нохойг хүнсний зүйл гэхээсээ илүү, гэрийн тэжээвэр амьтан гэж үзэх соёл хүчтэй нэвтэрч байгааг онцолсон байна. Мөн "Бошинтанг хэмээн нохойн махан хоолыг солонгосчууд эрүүл мэнд тустай хоол гэж үздэг байсан бол сүүлийн үед, ялангуяа залуучууд энэ үзлээс татгалзаж байна” гэжээ. Улмаар тус телевиз Сөүлийн төвийн Жонро дүүргийн нохойн махан хоолоор үйлчилдэг ресторанд 80 гаруй насны нэгэн үйлчлүүлэгчтэй уулзаж, мөн нохой идэхийг эсэргүүцдэг 20 гаруй насны нэгэн оюутантай ярилцлага хийсний дүнд тус хуулийг ахмад настнууд эсэргүүцэж, залуу үеийнхэн талархан дэмжиж буйг онцолсон байна. Тус хууль батлагдсан ч энэ асуудал маргаантай хэвээр, нохой үржүүлэгчид эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байгаа талаар “Associated Press” агентлаг мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.