Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд томилогдов
Анд нөхдийн мэдээ
2024-01-10
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр Боловсролын сайд Габриэль Атталийг шинэ Ерөнхий сайдаар томиллоо. Г.Атталь өдгөө 34 настай бөгөөд өмнө нь 1984 онд 37 настайдаа Ерөнхий сайдаар сонгогдож байсан Лоран Фабиусын рекордыг эвдэж, тус улсын хамгийн залуу Ерөнхий сайд болов. Габриэль Атталь бага залуу наснаасаа улс төр сонирхож эхэлсэн бөгөөд оюутан ахуй цагтаа хөдөлмөрийн хуулийг эсэргүүцсэн кампанит ажил зохион байгуулж, 2006 онд зүүн төвийн Социалист намд элссэн байна. Парисын улс төрийн сургуулийг төгссөн тэрбээр 2012 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Марисол Турэйний удирдлага дор ажиллах болжээ. Улмаар 2014 онд орон нутгийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан байна. 2016 онд намаасаа гарч Э.Макроны үүсгэн байгуулсан намд элсжээ. Тэрбээр 2018 онд намын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад тухайн оны аравдугаар сард 29 настайдаа Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон байна. Улмаар 2020 оны долоодугаар сард Э.Макроны хэвлэлийн төлөөлөгчийн албан тушаалд шилжиж, удалгүй Э.Макроныг улиран сонгогдсоны дараа 2022 оны тавдугаар сард Улсын бүртгэлийн сайд, өнгөрсөн долоодугаар сараас Боловсролын сайдын албыг хаших болжээ. Таван сарын хугацаанд Боловсролын сайдаар ажиллахдаа Францын боловсролын инновацийг эрчимжүүлсэн гэж үнэлэгддэг аж. Тухайлбал өнгөрсөн оны есдүгээр сард шинэ улирлын хичээл эхлэхтэй зэрэгцэн шашин, төрийг тусгаарлах зарчмыг чухалчилж, лалын шашны өмсгөлийг оюутны хотхонд өмсөхийг хориглосон байна. Мөн франц сурагчдын үндсэн суурь мэдлэг муу байна хэмээн үзэж бага ангийн сурагчдын унших, бичих, арифметикийн чадварыг бэхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Энэ мэт шинэлэг арга барилаараа одоогийн Э.Макроны Засгийн газрын хамгийн нэр хүндтэй сайдаар нэрлэгдэх болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.