Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина хамгийн олон жил төр барьж буй эмэгтэй удирдагчаар тодров
Анд нөхдийн мэдээ
2024-01-09
Лалын шашинтнууд дийлэнх хувийг эзэлдэг дэлхийн гурав дахь том улсад хаант засаглалыг эс тооцвол үндэсний удирдагч эмэгтэй хамгийн удаан төр барьсан амжилт тогтоож байна. Энэ сарын 7-ны өдөр болсон Бангладешийн бүх нийтийн сонгуульд одоогийн Ерөнхий сайд, 77 настай Шейх Хасинагийн тэргүүлсэн эрх баригч “Авами” эвсэл парламентын 299 суудлаас 220 суудал авч ялалт байгууллаа. Тус нам 1996-2001 онд нэг удаа төрийн эрх барьж байсан бол 2009 оноос хойш гурван удаа улиран сонгогдсон бөгөөд Шейх Хасина энэ удаагийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал нийтдээ 25 жил засгийн эрх барихаар болж байна. Энэ нь хамгийн олон жил төрийн эрх барьсан эмэгтэй удирдагчид гэгддэг Германы канцлер асан Ангела Меркель (2005-2021), Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер (1979-1990) нарын амжилтыг давж буй хэрэг юм. Ерөнхий сайд Ш.Хасина энэ өдөр “Би Бангладеш улсад ардчилсан тогтолцоог үргэлжлүүлэн бэхжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно” гэж мэдэгджээ. Бангладешийн нийт хүн амын 88 хувь нь лалын шашинтан бөгөөд үндсэн хуульд ислам шашныг төрийн шашин хэмээн заасан байдаг. Тус улс баруун болон зүүн Азийн улсуудтай харьцуулахад эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь тийм ч өндөр биш орны ангилалд багтдаг аж.
Түүний аав, тус улсын анхны Ерөнхийлөгч Мужибур Рахман 1975 оны цэргийн эргэлтээр алагдахад Энэтхэгт цөлөгдсөн Шейх Хасина 1981 онд эх орондоо буцаж ирээд улс төрд хөл тавьсан байна. Түүнийг дэмжигчид нь “Цэргийн дарангуйллын эсрэг зогссон ардчиллын бэлгэ тэмдэг” хэмээн нэрлэх болсон бөгөөд тэрбээр 1996 онд 40 гаруй насандаа засгийн эрхэнд гарч Ерөнхий сайд болжээ. Аавынхаа замналаар замнаж, эмэгтэй хүний хувьд Ерөнхий сайд болсон гэдгээрээ түүнийг Энэтхэгийн Индира Ганди, Пакистаны Беназир Бхутто нартай адилтгадаг. Түүний засаглалын үед Бангладеш улс жилдээ 6-7 хувийн эдийн засгийн өсөлттэй байж, Энэтхэгийн дараа орох Өмнөд Азийн хоёр дахь том орон болох байр сууриа бэхжүүлсэн юм. Мөн тус улс НҮБ-ын энхийг сахиулах хүчинд хамгийн олон тооны цэргээ илгээснээр олон улсад нэр хүнд нь өсчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.