АНУ: Сургуулийн захирал зэвсэгт халдлагаас сурагчдаа хамгаалжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-08
АНУ-ын Айова мужийн нэгэн ахлах сургуульд шинэ оны эхний өдөр буутай халдлага болоход захирал нь амь насаа эрсдэлд оруулан байж сурагчдаа хамгаалжээ. “Перри” хэмээх ахлах сургуулийн захирал Дан Марбургер өөрөө хүнд гэмтэж хагалгаанд орсон бөгөөд одоогоор эмнэлэгт бие нь сайжирч байгаа тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тэрбээр 1995 оноос хойш тус сургуулийн захирлаар ажиллаж байгаа аж. Халдлага болох үеэр тэрбээр буутай этгээдийг тайвшруулан саатуулж сурагчдад зугтаж холдох боломж олгон, дахин хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж Цагдаагийн алба онцлон дурдсан байна. Ер бусын өндөр нуруутай, биерхүү түүнийг сургуулийнхан нь “Дөлгөөхөн аварга хүн” хэмээн нэрийддэг байсан бөгөөд түүнийг ийм зоригтой үйлдэл хийсэн нь гайхах зүйл биш хэмээн онцолсон байна. Харамсалтай нь энэхүү зэвсэгт халдлагаас болж 11 настай сурагч амиа алдаж, захирал Д.Марбургер болон хоёр багш, мөн өсвөр насны дөрвөн сурагч гэмтэж бэртсэн юм. Энэхүү хэргийг тус сургуулийн 17 настай сурагч үйлдсэн бөгөөд тэрбээр хэрэг хийснийхээ дараа өөрийгөө хөнөөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.