Итали: Диего Марадонагийн татварын хэргийг цагаатгав
Анд нөхдийн мэдээ
2024-01-08
Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадона Италийн Неаполь хотод тоглож байхдаа татвараас зайлсхийсэн гэх хэрэгт буруутгагдаж олон жил энэ маргаан үргэлжилсэн ч өнгөрсөн 5-ны өдөр тус улсын Дээд шүүх Д.Марадонаг энэ хэрэгт буруугүй гэсэн шийдвэр гаргасан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Түүний өмгөөлөгч Анжело Писани "Бүх зүйл дууслаа. Одоо бид түүнийг хэзээ ч татвараас зайлсхийж байгаагүй гэдгийг мэдлээ" гэсэн байна. Д.Марадонаг 1984-1991 онд Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн “Неаполь” клубт тоглож байхдаа хэдэн зуун сая долларын татвар төлөөгүй хэмээн буруутгаж байсан юм. Улмаар 1990-ээд оны эхээр түүнийг шалгаж эхэлсэн бөгөөд Неаполь хотын татварын алба түүний Итали дахь бүх хөрөнгийг нь битүүмжилж, тус улсад очих бүрт нь бугуйн цаг, алмаазан ээмэг зэрэг үнэт зүйлсийг нь хураан авч байсан аж. “Неаполь” клуб 2010 онд Д.Марадонагийн 50 насны ойг тохиолдуулан тоглолт хийхээр төлөвлөж байсан ч эдгээр асуудлаас болж төлөвлөгөөгөө цуцалжээ. Түүнийг 2020 оны арваннэгдүгээр сард зүрхний шигдээсээр нас барахад ар гэрийнхэн нь талийгаачийн нэр төрийг хамгаалахын тулд хуулийн тэмцэл эхлүүлсэн бөгөөд, эцэст нь Дээд шүүх тэдний талд шийдвэр гаргасан нь энэ ажээ. Түүний өмгөөлөгч “Одоо ар гэрийнхэн нь нөхөн олговор нэхэх хууль ёсны эрхтэй” гэж мэдэгдсэн байна. Д.Марадонагийн үед “Неаполь” клуб түүхэн дэх хамгийн сайн үр дүнд хүрч, А серийн тэмцээнд хоёр удаа, Европын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд нэг удаа түрүүлж байжээ. Мөн Неаполь хотын цэнгэлдэх хүрээлэнг “Диего Армандо Марадонагийн цэнгэлдэх хүрээлэн” гэж нэрлэх болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.