АНУ: Боолчлолын эсрэг тэмцэгч хар арьст эмэгтэйн хөрөг бүхий зоосон мөнгө гаргав
Анд нөхдийн мэдээ
2024-01-08
АНУ-ын Засгийн газар 20 долларын дэвсгэрт дээрх долоо дахь ерөнхийлөгч асан Эндрю Жэксоны (1767-1845) хөргийг хар арьст тэмцэгч эмэгтэй Харриет Табмэний (1822-1913) хөргөөр солих тухай яригдаж шийдэлд хүрээгүй ч тусад нь Харриет Табмэний хөрөг бүхий зоос гаргахаар шийвэрлэсэн нь сая ажил хэрэг боллоо. Тус улсын Үнэт цаасны газар цахим хуудаснаа "2024 оны Табмэний дурсгалын зоос" хөтөлбөрийг танилцуулж, "Энэ бол нийгмийн шударга ёсны төлөө бүхнээ зориулсан Харриет Табмэний түүхийг агуулсан зоос" гэж тайлбарласан байна. Х.Табмэн бол 19 дүгээр зуунд боолчуудыг чөлөөлөх зорилгоор зохион байгуулагдсан "Underground Railroad" хэмээх нууц бүлгэмийн төлөөлөгч байсан бөгөөд АНУ-ын өмнөдөөс умард нутаг хүртэл явж боолчлолын эсрэг тэмцэн 70 орчим хар арьст боолыг чөлөөлсөн хүн юм. 2022 онд 200 насных нь ойг тохиолдуулан түүний амьдралыг харуулсан тусгай загвар бүхий зоос үйлдвэрлэхээр болсноо Үнэт цаасны газар мэдэгдэж байв. Түүний дурсгалд зориулж 5 долларын алтан, 1 долларын мөнгөн, 50 центийн мөнгөн гэсэн гурван төрлийн зоос гаргасан байна. “Chicago Tribune” сонины мэдээлснээр ерөнхийлөгч Жо Байден 2022 оны наймдугаар сард Х.Табмэний дурсгалын зоос гаргах хуулийн төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Энэхүү хуулийг Конгрессын гишүүн Грег Микс 2020 оны хоёрдугаар сард "Хар арьстнуудын түүхийн сар"-ын үеэр санаачилж Конгрессоор батлуулжээ. Энэхүү гурван зоосыг гүйлгээнд бус зөвхөн цуглуулгын болон бэлэг дурсгалын зорилгоор үйлдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн 4-ний өдөр буюу пүрэв гарагаас эхлэн захиалга авч эхэлсэн байна. Улмаар хүргэлтийг ирэх хоёрдугаар сарын эхний өдрөөс эхлэн хийхээр болжээ. Харин 1928 оноос хойш ашиглагдаж байсан 20 долларын дэвсгэрт дээрх ерөнхийлөгч асан Эндрю Жэксоны хөргийг солих асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлов. Анх Барак Обамагийн засаг захиргаа 2016 оны дөрөвдүгээр сард Э.Жэксоныг арьс өнгөөр ялгаварлагч хэмээн тодорхойлж, 20 долларын дэвсгэрт дээрх түүний хөргийг Х.Табмэний хөргөөр солих санаачилга гаргасан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.