Итали: Хан боргоцойн нухаштай пицца бүтээв
Анд нөхдийн мэдээ
2024-01-05
Пиццаны өлгий Италийн Неаполь хотын нэгэн пиццаны мастер уламжлалаас гажсан хан боргоцойтой пицца танилцуулсан тухай CNN мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар хотын алдарт пиццаны гудамж “Via dei Tribunali”-д ресторан ажиллуулдаг Жино Сорвило хоолны цэсэндээ хан боргоцой орсон "Margherita con Ananas" нэртэй пицца оруулжээ. Ердийн хавай пиццагаас ялгаатай нь үүнд улаан лооль хийхгүйгээр гурван төрлийн бяслаг давхарлаж, хан боргоцойг хоёр удаа шарж карамель бүтэцтэй болгосон бөгөөд нэг пиццаны үнэ долоон евро аж. Гурван үеэрээ пицца хийж байгаа Ж.Сорвило CNN-д өгсөн ярилцлагадаа, хоол хүнсийг ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэхийн тулд хан боргоцойтой пицца бүтээх болсноо хэлсэн байна. Мөн тэрбээр "Сүүлийн үед хоолны талаар огт ойлголтгүй хүмүүс хоолны орц, найрлага, эсвэл хоол хийх үйл явц, аргыг шүүмжилдэг болсон" гээд "Би тэдний шүүмжлээд байгаа орц найрлагыг ашиглан илүү амттай пицца хийхийг хүссэн" гэжээ. АНУ-ын Майами, Японы Токио, Испанийн Ибиза зэрэг олон газарт 21 салбар ажиллуулдаг тэрбээр эхлээд Неаполь хот дахь төв салбартаа хан боргоцойтой пицца нэвтрүүлэхээр онцгойлон зорьж байгаа аж. Гэвч энэ долоо хоногт цахим орчинд уг пиццаны талаар хүмүүс элдвээр шүүн хэлэлцэж зарим нь шууд доромжилсон утгатай сэтгэгдэл үлдээжээ. Тус улсын үндэсний телевизээр нь энэ талаар маргаан өрнөсөн байна. Гэсэн хэдий ч хүмүүс сониуч зандаа хөтлөгдөн хан боргоцойтой пицца идэхээр олноор зорин ирж байгаа тухай Ж.Сорвило хэлсэн байна. Зорин ирж зооглож үзсэн хүмүүс ч ам сайтай байгаа аж. Тэрбээр хүмүүст хандан "Эхлээд амтлаад үз, дараа нь санал бодлоо хэлээрэй" хэмээн уриалж байна. Эцэст нь удахгүй хан боргоцойтой пицца бүх рестораны хоолны цэсэнд орно гэдэгт бүрэн итгэж буйгаа онцлон хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.