images

Хиймэл оюунаар бүтээсэн Элвис Прэсли үзэгчдэд тоглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-05


   Домогт дуучин Элвис Прэсли хиймэл оюун ухаан (AI) болон холограм (hologram) технологийн тусламжтайгаар үзэгчдийн өмнө амьд мэтээр гарч ирэх болж байна. "Elvis Evolution" нэртэй энэ тоглолт ирэх 11 дүгээр сард Английн Лондон хотод нээлтээ хийж, дараа нь АНУ-ын Лас Вегас, Германы Берлин, Японы Токио зэрэг хотуудад үргэлжүүлэн тоглохоор болсон тухай BBC мэдээлэв. Британийн "Layered Reality" энтертэйнмент компани хиймэл оюун ухаан болон холограм проекц ашиглахын зэрэгцээ олон мянган гэрэл зураг, видео бичлэг дээр үндэслэн дижитал Элвис Прэслиг бүтээнэ хэмээн мэдэгджээ. Тус компанийн захирал Эндрю МакГиннис "Энэ бол Элвис Прэсли хэмээх домогт хүнд дараа үеийнхний үзүүлж буй хүндэтгэл юм" гэжээ. Үүнээс өмнө Их Британид Шведийн АББА хамтлагийн "AББА Voyage" тоглолт амжилттай болсон юм. 1970-аад оны АББА хамтлагийн оргил үеийг дижитал хэлбэрээр харуулсан тус тоглолт 2022 оны тавдугаар сард Лондон хотын 3000 хүний ​​суудалтай тоглолтын танхимд болж байв. Тус тоглолтын долоо хоногийн ашиг нь 2 сая паунд хүрч, Лондонгийн эдийн засагт оруулсан хувь нэмэр нь 322 сая паунд болж байжээ. Элвис Прэсли 1977 онд 42 насандаа гэнэт өөд болсон бөгөөд хэрэв амьд байсан бол ирэх 8-ны өдөр 89 нас хүрэх байв.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.