Хойд Солонгост хоригдсоноос болж амиа алдсан америк залуугийн ар гэрт нөхөн төлбөр олгоно
Анд нөхдийн мэдээ
2024-01-04
Хойд Солонгост 17 сар хоригдож, 2017 оны зургаадугаар сард АНУ-д буцаж ирээд зургаан хоногийн дараа нас барсан АНУ-ын иргэн Отто Уормбиерийн эцэг эх Хойд Солонгосын битүүмжилсэн хөрөнгийн талаарх мэдээллийг ил болгох хүсэлтийг Сангийн яамандаа гаргасан байна. Энэ нь АНУ-д битүүмжлэгдсэн Хойд Солонгосын хөрөнгө байгаа эсэхийг шалгаж, хүүгийнхээ үхэлд нөхөн төлбөр авах зорилготой алхам болох талаар “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээлэв. Улмаар тус улсын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба Вашингтоны холбооны шүүхэд хандаж Сангийн яамнаас илрүүлж, битүүмжилсэн хөрөнгөнөөс О.Уормбиерийн эцэг эхэд нөхөн төлбөр олгох хүсэлт илгээсэн байна. Шүүх үүнийг хүлээн авч өнгөрсөн сарын 23-ны өдөр захирамж гаргажээ. Үүний дагуу амиа алдсан залуугийн аав, ээж Фрэд, Синди Уормбиер нар хүүгийнхээ үхэлд Умард Солонгосыг буруутай хэмээн үзэж Вашингтон хотын холбооны шүүхэд нэхэмжлэл гарган ялалт байгуулсан байна. Тухайн үед АНУ-ын шүүх Умард Солонгосыг О.Уормбиерийн эцэг эхэд 500 сая долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан бөгөөд тэд нөхөн төлбөрөө авахын тулд дэлхийн өнцөг булан бүрд буй Хойд Солонгосын битүүмжлэгдсэн хөрөнгийн талаарх мэдээллийг хянаж байсан юм. 2018 оны дөрөвдүгээр сард Хойд Солонгосын нүүрс тээвэрлэгч "Wise Honest" хөлөг онгоцыг хориг арга хэмжээ зөрчсөн хэргээр АНУ-ын Засгийн газар хураан авахад О.Уормбиерийн эцэг эхэд борлуулалтын үнийн тодорхой хэсгийг олгосон байна. Фред Уормбиер 2019 оны арваннэгдүгээр сард Өмнөд Солонгост айлчлах үеэрээ “Хүний эрхийг ноцтой зөрчсөнийх нь төлөө Хойд Солонгост хариуцлага тооцуулах нь миний туйлын зорилго. Би эцсээ хүртэл энэ харгис дэглэмийг нураахын төлөө тэмцэнэ" хэмээн мэдэгдэж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.