Хятадын сансрын нисгэгчид сансарт хүнсний ногоо тарьжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-04
2015 онд нээлтээ хийсэн Америкийн шинжлэх ухааны уран зөгнөлт "The Martian" кинонд Ангараг гараг дээр ганцаараа үлдсэн сансрын нисгэгч төмс тариалж, хоол хүнсээ ханган, аврагдахыг хүлээж байгаа тухай өгүүлдэг. Харин Хятадын сансрын нисгэгчид кинонд гардаг шиг сансарт төрөл бүрийн хүнсний ногоо тариалж чадсан байна. Хятадын CCTV телевизийн мэдээлснээр тус улсын бие даасан "Tiangong" сансрын станцад ажиллаж буй “Shenzhou 17” сансрын багийнхан саяхан өөрсдийн өдөр тутмын амьдралыг харуулсан дүрс бичлэг илгээжээ. 7 минут 26 секундын уг бичлэгт сансрын нисгэгч Тан Шэнжие сансрын станцын нэг буланд саванд тарьсан төрөл бүрийн хүнсний ногоо арчилж буй дүрс буусан байна. Хамтрагч нь түүнээс юу хийж байгааг асуухад тэрбээр "Би улаан лоолиндоо тоос хүртээж байна. Сансарт зөгий байхгүй болохоор би зөгий нь" хэмээн хариулж байна. Түүний гарт хиймэл тоос хүртээгч сойз, харин цэцгийн саванд ногоон, улаан өнгийн улаан лооль ургаж байлаа. Дараа нь тэрбээр жингүйдлийн орчинд агаарт хөвж буй цэцгийн савыг харуулжээ. Мөн тэрбээр шанцай, ногоон сонгино зэрэг төрөл бүрийн ногоо тарьсан хэд хэдэн савыг зааж "Өнөөдөр өдрийн хоолондоо шинэ ногоо нэмбэл илүү амттай болно" хэмээн хэлжээ. Тус улсын сансрын нисэгч Тан Хунбо, Тан Шэнжие, Жан Шинлин нар өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд Ганьсу мужийн "Жиучуань" хиймэл дагуул хөөргөх төвөөс "Shenzhou 17" хөлгөөр сансарт хөөрсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.