13 настай хүү Тетрис тоглоомыг эцсийн шат хүртэл нь тоглож түүхэн рекорд тогтоов
Анд нөхдийн мэдээ
2024-01-04
Өнөөг хүртэл Тетрис тоглоомыг зөвхөн хиймэл оюун ухаан сүүлийн түвшинд хүртэл тоглон дуусгаж чаддаг байсан бол 13 настай америк хүү Уиллис Гибсон үүнийг хийж чадсан анхны хүн болсон тухай AFP болон “New York Times” сонин мэдээлэв. Тэрбээр уг тоглоомыг сүүлийн шат хүртэл нь тоглосон бичлэгээ YouTube-т байршуулсан байна. Тоглоомын төгсгөл хавьд дээрээс унах блокууд тэнгэрээс бороо орж буй мэт олноор, маш хурдтай унаж ирсэн ч хүү маш тайван байж, блок бүрийг зохих байранд нь оруулж чаджээ. Тоглолтын дундуур онооны хайрцагт “999999” гэсэн оноо гарч ирсэн бөгөөд энэ нь илүү өндөр тоо харуулах боломжгүй байсантай холбоотой аж. Тоглоомын сүүлийн шат дуусч дэлгэц гэнэт зогсоход тэрбээр “ Ээ бурхан минь!” гэж хашгиран бас “Миний хуруунууд ямар ч мэдрэлгүй болчихлоо” гэж хэлсэн нь дүрс бичлэгт үлджээ. Тетрис бол 2024 онд 40 жилийн ойгоо тэмдэглэх сонгодог бүтээл бөгөөд хэд хэдэн хувилбартай болж, алдартай тоглоом хэвээр байсаар иржээ. У.Гибсоны ялалтыг тоглоомын салбар дахь хүн төрөлхтний анхны амжилт гэж үзэж байна. Сонгодог Тетрисийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн Винс Клементе “Хүн төрөлхтөн урьд өмнө хэзээ ч ийм амжилтанд хүрч байгаагүй. Хэдэн жилийн өмнө үүнийг боломжгүй гэж үздэг байсан” гэжээ. 2021 оноос Тетрис тоглож эхэлсэн У.Гибсон хүү “Эхлэхэд амархан ч эцсийг нь үзэхэд маш хэцүү тоглоом” гэсэн байна. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн бөгөөд дараагийн тэмцээнд түрүүлэх зорилго тавин дасгал хийсээр байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.