Данийн хунтайж Фредерик гэж хэн бэ?
Анд нөхдийн мэдээ
2024-01-04
Данийн хатан хаан II Маргрете 14-ний өдөр хаан ширээгээ шилжүүлнэ гэж мэдэгдсэнээс хойш дэлхий нийтийн анхаарал түүний том хүү, угсаа залгамжлах хунтайж Фредерик дээр төвлөрч байна. “New York Times” сонин хунтайж Фредерикийг цаг уурын өөрчлөлтийн асуудалд санаа зовдог орчин үеийн хүн бөгөөд хаан ширээнд залрах ёслолыг Их Британийн хааных шиг тансаг хээнцэр байдлаар биш энгийн, эгэл даруухан байдлаар хийнэ хэмээн таамагласан байна. Хунтайж уур амьсгал, байгаль орчны асуудлыг маш их сонирхож, энэ салбарт чиглэсэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн гэдгээрээ алдартай нэгэн ажээ. Тэрбээр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид оролцож, байгаль орчны асуудлаар илтгэл тавьж, ярилцлага өгч, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцлон сануулж, энэ чиглэлд хөрөнгө оруулалагчдыг уриалж, шахаж шаардаж иржээ. Мөн тус улсын хааны ордны мэргэжилтний хэлснээр хунтайж Фредерик нь албархаг байдал, цол хэргэм зэрэгт хэт их анхаарал хандуулдаггүй, Данийн ард түмэнтэй илэн далангүй харилцдаг гэдгээрээ ихээхэн нэр хүндтэй гэнэ. Европын хаадын гэр бүлтэй холбоотой элдэв таагүй үг яриа сонин хэвлэлээр олонтоо гардаг ч Данийн хааны гэр бүл элдэв хэл аманд өртөж байгаагүйг NYT сонин онцолсон байна. Харин хунтайж 1992 онд архи хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр торгуулж байжээ. Тэрбээр Дани улсын Аархусын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж, 1986 оноос эхлэн Агаарын болон Тэнгисийн цэргийн хүчинд удаан хугацаагаар цэргийн алба хаасан. Тэр дундаа Тэнгисийн цэргийн тусгай хүчинд алба хааж байсныг олон нийт талархан дурсдаг ажээ. Мөн спортод дуртай, марафон, триатлоны сайн тамирчин ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.