“Blackpink” хамтлагийн дуучин Лиза Тайландын хамгийн нөлөө бүхий хүнээр шалгарав
Анд нөхдийн мэдээ
2024-01-04
Тайландын хамгийн нөлөө бүхий хүнээр “Blackpink” охидын хамтлагийн гишүүн Лиза (Лалиса Манобал) шалгарчээ. “The Nation” сэтгүүлийн мэдээлснээр тус улсын Суандусит их сургуулиас өнгөрсөн оны 12 дугаар сард явуулсан санал асуулгад оролцогчдын 28.1 хувь нь Лизаг Тайландын хамгийн нөлөө бүхий хүнээр нэрлэсэн байна. Тус улсын хамгийн нөлөө бүхий улс төрч, “Шинэ нам”-ын дарга Пита Лимчарнрат 27.5 хувийн саналаар хоёрдугаарт оржээ. Харин "Miss Universe 2023" тэмцээний дэд тэргүүн Антониа Пошиль тавдугаарт бичигджээ. Лиза нь Тайландын Бурирам мужид төрсөн. Тайланд улс нь хаад, язгууртнууд бүхий шаталсан тогтолцоот нийгэм боловч ажилчин ангиас гаралтай Лиза дэлхийн хэмжээний од болон өсчээ. Тэрбээр төрөлх Бурирам хотынхоо гудамжны хоол болох бөөрөнхий махтай зуушийг идмээр санагдаж байгаа тухайгаа ярихад гудамжны хоолны борлуулалт эрс нэмэгдэж, аялал жуулчлалын газар болох Аюттхаяд очиход тэр хавиар зочлох хүмүүсийн тоо олон дахин нэмэгддэг ажээ. Тус улсын хэвлэлүүд Лизаг "Хүндлэл, магтаал хүртэх ёстой, Тайландын нэр төр мөнөөсөө мөн бөгөөд түүхэнд үүрд үлдэх ёстой хүн" хэмээн мэдээлсэн байна. Харин 40 гаруй настай улс төрч Пита Лимчарнрат нь Тайландын ардчиллын бэлгэ тэмдэг болсон Үндэсний Таммасатын их сургуулийг дүүргэж, Харвардын их сургуульд улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалжээ. 2020 онд шинээр байгуулсан намынхаа дарга болсон тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард болсон ээлжит сонгуулиар голдуу залуу үеийнхний дэмжлэг авч сонсогдсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.