Юүтюүбер Mr.Beast Илон Маскийн саналаас хоёр дахь удаагаа татгалзав
Анд нөхдийн мэдээ
2024-01-02
Дэлхийн хамгийн олон дагагчтай Юүтюүбер Mr.Beast X (хуучнаар Твиттер) дээр видео байршуулах санал тавьсан Илон Маскийн саналаас татгалзсан байна. Тэрбээр Х дээр видео байршуулахад YouTube дээрх шиг ашиг орлого олдоггүй гэж үзжээ. Өнгөрсөн сарын 31-нд тэрбээр Х дээр YouTube-д шинэ бичлэг нийтэлсэн тухайгаа мэдэгдсэн бөгөөд тэр нь цагаан хана, шал, тавилгатай ганц өрөөнд долоо хоног гар утасгүй амьдрах тухай контент байв. Энэхүү контентийг нь харсан Илон Маск үүнийгээ Х дээр байршуулах санал тавихад Mr. Beast “Үгүй” гэж хариулсан байна. Тэрбээр "Х нэг тэрбумын хандалт авсан ч контент бүтээсэн зардлынхаа нэг хэсгийг ч нөхөж чаддаггүй. Х дээр орлого олох боломжтой болсон үед л туршилт маягаар байршуулж болох юм” гэжээ. Үнэн хэрэгтээ, YouTube-тэй харьцуулахад X-ээс хувь хэрэглэгчид ашиг олох боломж хомс байдаг. “New York Post” сонины мэдээлснээр, X дээр 370 мянган дагагчтай “Life Mass Money” гэхэд нэг сая хандалт авахад ердөө 7 долларын ашиг олдог бол яг ийм тооны хандалтаар YouTube-ийн контент бүтээгчид 30 мянган долларын ашиг олдог ажээ. Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш Mr.Beast хоёр дахь удаагаа Илон Маскийн саналаас татгалзаж байна. Mr. Beast нь контент бүтээгчдийн дунд хамгийн өндөр орлоготой байгаа тухай “Forbes” сэтгүүл мэдээлжээ. Түүний жинхэнэ нэр нь Жимми Дональдсон бөгөөд тэрбээр өнгөрсөн жил “Forbes” сэтгүүлээс гаргасан 30 хүртэлх насны нөлөө бүхий 30 хүний жагсаалтад багтсан байна. Тус сэтгүүлийн мэдээлснээр түүний жилийн орлого 54 сая доллар хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.