Англи: Есөн настай хүү эзэн хааны шагнал хүртэв
Анд нөхдийн мэдээ
2024-01-02
Төрсөн эцэг эхийнхээ хүчирхийллийн улмаас хоёр хөлөө алдсан 9 настай хүү Британийн хамгийн залуу гавьяатнаар шалгарчээ. Хүү нас балчир ч гэсэн хүүхдийн хүчирхийллийн шийтгэлийг чангатгах кампанит ажил өрнүүлж, буяны үйлсэд мөнгө цуглуулж чадсанаараа ийнхүү үнэлэгдсэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр III Чарльз хааны зарласан оны алдар гавьяатны нэгээр Кент хотод оршин суудаг 9 настай Тони Херзэл хүү нэрлэгдсэн байна. Хүү төрөөд 40 орчим хоногтой байхдаа төрсөн эцэг эхийнхээ хүчирхийллийн улмаас хөлдөө маш хүнд гэмтэл авчээ. Улмаар энэ гэмтэл нь ямар ч эмчилгээ авалгүй байсаар хоёр хөлөө тайруулахад хүрсэн аж. Т.Херзэлийн аав ээж хоёр энэ хэрэгтээ шүүхээр орж 2018 онд 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Харин хүүг асрамжийн газар байхад нь эхнэр, нөхөр Пола, Марк нар үрчилж авчээ. Улмаар Херзэл хүү өргөж авсан эцэг эхийнхээ хамт “Тони Херзел” санг байгуулж, хүүхдийн хүчирхийллийн шийтгэлийг чангатгах кампанит ажил эхлүүлсэн аж. Улмаар тус сан сайн санааны үйл ажиллагаа өрнүүлж Т.Херзэл хүү хиймэл хөлөөр 10 км явж хандив цуглуулсан бөгөөд энэ мөнгөө амийг нь аварсан хүүхдийн эмнэлэгт хандивласан байна. Тус сангийн мэдээлснээр тэрбээр өнөөг хүртэл 1.8 сая паундын хандив цуглуулжээ. Хүүг өргөж авсан ээж Пола нь "Тони шагнал авна гэдгээ мэдээд ихэд баярлаж байгаа. Хүү маань ийм шагнал авах гавьяатай” хэмээн хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.