Хагас нүцгэн үдэшлэг зохиосон Оросын одууд ард түмнээсээ уучлал гуйв
Анд нөхдийн мэдээ
2023-12-29
Оросын блогчин, нэвтрүүлэгч Настя Ивлива энэ сарын 20-нд Москва хотын нэгэн клубт хагас нүцгэн үдэшлэг зохион байгуулжээ. Энэхүү үдэшлэгт Оросын алдартай дуучин Филипп Киркоров, Дима Билан, реппер Басио зэрэг одууд оролцсон байна. Үдэшлэгийг нууцаар зохион байгуулсан хэдий ч тэдгээр одуудын хагас нүцгэн байдлаар наргин цэнгэж байгаа гэрэл зургууд олон нийтийн сүлжээгээр тарж, тэр даруй олны дургүйцлийг төрүүлж байгаа тухай ВВС агентлаг мэдээлэв. Тэр дундаа дайны талбарт цэргүүд амиа алдаж байхад энэхүү дайныг өдөөсөн засгийн газраа дэмждэг нэртэй блогчид, урлагийн одууд, алдартнууд ийм найрсаг үдэшлэг зохиож байгааг ард иргэд хүчтэй шүүмжилж байна. Ийнхүү олон нийтийн эсэргүүцэл газар авснаар эрх баригчид даруй арга хэмжээ авч эхэлжээ. Үдэшлэгт урт оймсноос өөр хувцасгүй оролцсон реппер Басиог эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр 15 хоног саатуулж, мөн ёс бус бэлгийн харьцааг өөгшүүлсэн хэргээр 200 мянган рублийн торгууль ногдуулжээ. Зарим иргэд тус үдэшлэгийг зохион байгуулсан Настяг Украины дайнд оролцож буй дайчдад туслах “Эх орноо хамгаалагчид” санд 1 тэрбум рубль хандивлахыг шаардаж, улмаар шүүхэд хандсан байна. Одоогоор энэ шүүхэд 20 орчим хүн нэхэмжлэгчээр оролцож байгаа талаар ВВС онцолжээ. Уг үдэшлэгт оролцсон бусад одуудын товлосон тоглолт, сурталчилгааны гэрээ зэрэг нь цуцлагдаж, 31-нд гарахаар төлөвлөж байсан шинэ жилийн тусгай нэвтрүүлгийн бичлэгээс хасагдсан байна. Олны эсэргүүцэл нэмэгдэхийн хэрээр зарим нь олон нийтийн өмнө уучлалт гуйж, хагас нүцгэн байгаагүй гэдгээ тайлбарлахыг оролдож байна. Дуучин Филипп Киркоров "Би алдаа хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ явдлаас болж уран бүтээлч, иргэний хувьд оршин суух цорын ганц улс болох Орос улсад карьераа алдахыг хүсэхгүй байна" гэжээ. Үдэшлэгийг зохион байгуулсан Настя инстаграм хуудсандаа "Би Оросын ард түмнээс надад дахин боломж олгохыг хүсч байна. Хэрэв "үгүй" гэж хариулбал би олон нийтийн шийтгэлийг хүлээхэд бэлэн байна” гэсэн байна. Олон нийтийн шүүмжлэлд өртсөн эдгээр алдартнуудын дийлэнх нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй одоогийн дэглэм болон Украины дайныг дэмждэг хүмүүс болохыг ВВС онцолжээ. Оросоос дүрвэн гарсан сөрөг хүчний идэвхтэн Максим Катз энэ үйл явдлын талаар олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Өмнө нь эдгээр одуудыг юу хүссэнээ хийж болно гэж нийгэм хүлээн зөвшөөрдөг байсан. Харин одоо бол Оросын амьдрал үдэшлэг байхаа больсон. Дайны байдалд байгаа оронд тэд тансаг найр хийж болохгүй" хэмээн шүүмжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.