Жүжигчин И Сон Гюнийг сүрдүүлж мөнгө авсан бүсгүйг баривчлав
Анд нөхдийн мэдээ
2023-12-29
Хар тамхины хэргээр шалгагдаж байсан БНСУ-ын нэртэй жүжигчин И Сон Гюнийг айлган сүрдүүлж 50 сая вон авсан гэгдэх 20 гаруй насны эмэгтэй А-г Инчон хотын Цагдаагийн газрын хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилжээ. Түүнийг баривчлахын өмнө Инчоны шүүхийн батлан даалт хариуцсан ерөнхий шүүгч Ли Гю Хүн “Оргон зайлах, нотлох баримт устгах магадлалтай байгаа тул сэжигтнийг хорьж шалгах захирамж гаргасан” гэсэн байна. Сэжигтэн бүсгүй бага насны хүүхдээ тэврэн цагдаагийн газарт ирсэн бөгөөд түүнээс сэтгүүлчид талийгаач жүжигчнийг сүрдүүлж мөнгө авсан нь үнэн эсэхийг асуухад тэрбээр асуултад хариулахаас татгалзжээ. Саяхан жүжигчин И Сон Гюн нэгэн цэнгээний газрын менежер Б болон энэ удаад баривчлагдаад буй А бүсгүй хоёрыг өөрийг нь сүрдүүлж 350 сая вон авсан хэмээн шүүхэд гомдол гаргаад байсан аж. Улмаар нэрт жүжигчин тэдний дарамтад орж танилаасаа бэлэн мөнгө зээлж Б-д 300 сая вон, А-д 50 сая вон өгсөн болохыг нотолжээ. А нь залилангийн хэргээр хорих ял шийтгүүлэн шоронд ял эдэлж байхдаа В-тэй танилцжээ. Жүжигчин И өнгөрсөн аравдугаар сард сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн хоёр сар орчим хугацаанд цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм. Гэвч тэрбээр энэ сарын 27-ны өдөр Сөүл хотын Жонру дүүргийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо машиндаа нас барсан байдалтай олджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.