2023 оны онцлох 5 үгийг шалгаруулжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-28
БНСУ-ын “Чосун Илбо” сонин өнгөрсөн жил дэлхий даяар болж өнгөрсөн онцгой үйл явдлуудыг эргэн сануулах зорилгоор “2023 оны онцлох таван үг”-ийг шалгаруулсан байна.
1.Цаг наргүй ажилладаг хүүхдүүд: Энэ жил Хятадад их сургууль төгсөөд ажилд орж чадаагүй залуусын дунд "Цаг наргүй ажилладаг хүүхэд" гэсэн хэллэг бий болжээ. Энэ нь шинэ ажилд ороод, тогтсон ажлын цагт ажлаа хийгээд орой тарж гэртээ харьдаг биш, ажилд орж чадаагүйн улмаас аав, ээжийнхээ гэрт цаг наргүй гэрийн ажил хийж амьдардаг залуусыг нэрлэсэн үг ажээ. Хятадын одоогийн Засгийн газар цар тахлын үеэр хатуу чанга хөл хорио тогтоож, энэ нь хувийн байгууллагуудын бизнес эрхлэлтийн чадавхийг бууруулж, үүний улмаас Хятадын залуучуудын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн зургадугаар сард 21 хувьд хүрснийг ёгтлон хэлсэн утга аж. Их сургуулиудын төгсөлтийн ёслол дээр оюутнуудын төгсөлтийн ёслолын хувцастайгаа үхсэн мэт сунан хэвтэж буй зураг цахим ертөнцөөр нэлээд их тарсан нь дээрх агуулгатай холбоотой юм.
2.Татвар нэмдэг нүдний шил: Японы Ерөнхий сайд Фүмио Кишида батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэхийн тулд аж ахуйн нэгжийн татвар, орлогын албан татварыг нэмэх оролдлого хийснийг нь ийнхүү “Татвар нэмдэг нүдний шил” хэмээн ёгтолж нэрлэсэн байна. Энэ бол нүдний шил зүүдэг Ерөнхий сайд Ф.Кишидаг “Татвар нэмэхээс өөрийг үл мэддэг” хэмээн шоглож өгсөн нэр юм. Тус улсын дотоодын хэвлэлээр рейтинг нь огцом унасан ерөнхий сайд эцэст нь татвар нэмэгдүүлэх бодлогоо түр хойшлуулахаар болжээ.
3.Taylornomics: Энэ үг нь Америкийн эмэгтэй дуучин Тэйлор Свифт болон эдийн засгийн ухаан гэсэн хоёр үгийн нийлэмж юм. Т.Свифтийн дэлхийг тойрон аялан тоглолт хийхэд олон арван мянган шүтэн бишрэгчид цугларч, очсон газар болгон эдийн засгийн хувьд онцгой нөхцөл байдалд ордог болсноос ийм нэрийдэл үүсчээ. Түүний тоглолтын борлуулалт энэ жил 1.04 тэрбум доллар болсон байна. АНУ-ын цаг үеийн TIME сэтгүүл Т.Свифтийг "Оны хүн"-ээр шалгаруулсан юм.
4. Rizz: Энэ үг нь 2023 онд англиар ярьдаг улс орнууд, тэр дундаа АНУ-д хамгийн алдартай үг болсон байна. Энэ үгийг “Эсрэг хүйстний сэтгэлийг татахуйц дур булаам", "Сэтгэл татам ид шидтэй" гэсэн утгаар тайлбарлаж, "Тэр үнэхээр rizz-тэй" гэх мэтээр хэрэглэдэг аж. Үүнийг анх Америкийн алдартай интернэт нэвтрүүлгийн хөтлөгч хэрэглэсэн бөгөөд өсвөр үеийнхэн, хориод насныхны дунд маш өргөн хэрэглэгдэх болжээ. Британийн Оксфордын толь бичиг энэ үгийг "Оны онцлох үг"-ээр шалгаруулсан байна.
5. Are: Японоор "тэр" гэсэн утгатай. Японы мэргэжлийн бейсболын “Hanshin Tigers” багийн хөгжөөн дэмжигчид "аварга" гэдэг үгийн оронд энэ үгийг хэрэглэдэг. Осакагийн нутаг дэвсгэрт хамгийн алдартай ч аварга болоход арай хүчин мөхөсдөж байсан тус багийг уухайлан дэмжиж байсан сэтгэл догдлолоо илэрхийлж, “аварга” гэсэн үгийн оронд "are"-г хэрэглэх болсон байна. Тус баг энэ онд 38 жилийн дараа аварга болох үед хөгжөөн дэмжигчид болон Японы хэвлэлүүд нэг хэсэгтээ “Are”-гаар амьсгалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.