Шакирагийн хөшөө босгожээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-28
Колумбын хойд нутаг, Карибын тэнгисийн эрэгт орших Барранкилья хотод дуучин Шакирагийн хөшөө босгож нээлт хийсэн тухай тус улсын “El Tiempo” сонин мэдээлэв. Уран барималч Ино Маркес болон хотын урлагийн их сургуулийн 30 оюутны хамтран урласан 6.5 метрийн өндөртэй уг бүтээлийг хөнгөн цагаан болон хүрлээр цутган урласан байна. Хөшөөний суурин хэсэгт түүний хамгийн алдартай дууны нэг болох “Hips Don't Lie” дууны хэсгээс сийлжээ. Энэ тухайд Шакира өөрийн цахим хуудсаар дамжуулан талархал илэрхийлж, "Ээжийнхээ төрсөн өдрөөр аав, ээжтэйгээ хамт энэ баяр хөөрийг хуваалцаж байгаадаа баяртай байна. Энэ өдөр миний хувьд үнэхээр гайхалтай өдөр" гэжээ. Шакира бол 2010 оны Өмнөд Африкт болсон дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний уриа дуу болох "Waka Waka" дуунаас эхлээд олон арван хит дуугаараа дэлхий даяар, тэр дундаа АНУ, Латин Америк, Европт асар их нэр хүндтэй болсон дуучин юм. Мөн тэрээр 2006 онд Герман, 2010 онд Өмнөд Африк, 2014 онд Бразилд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын ажиллагаанд гурван удаа дараалан оролцсон анхны уран бүтээлч билээ. Тэрбээр Испанийн хөлбөмбөгийн тамирчин Жерар Пикетэй 11 жил амьдарч, өнгөрсөн жил салсан бөгөөд дараахан нь Ж.Пике болон түүний шинэ найз бүсгүйг шоглосон шинэ дуу гаргаж, YouTube дээр үзэгчдийн тоогоор нэг төрөл бүрийн шинэ дээд амжилт тогтоосон байна. Дашрамд дурдахад, Шакира нэрээрээ алдаршсан түүний бүтэн нэр нь Шакира Изабель Мебарак Риполл юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.