Хятад: Зэлүүд тосгоны эмээ өөд болоход олон хүн гашуудах болсны учир юунд байв?
Анд нөхдийн мэдээ
2023-12-28
БНХАУ-ын Жэжян мужид 27 жилийн турш маш хямд үнэтэй өглөөний цайны лангуу ажиллуулж, нутгийн иргэдэд халуун сэтгэлээ зориулж явсан “Өглөөний цайны эмээ” 90 насандаа таалал төгссөн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Мао Хуа гуай 1991-2018 он хүртэл тус мужийн зэлүүд уулархаг Хуантанкоу тосгоны бага сургуулийн үүдэнд лангуу ажиллуулж, хүүхдүүдэд 5 маогийн үнэтэй халуун хоол, цайгаар тогтмол үйлчилдэг байжээ. Түүний гарын өглөөний цайг тус тосгонд өссөн хүүхдүүдийн ихэнх нь идэж үзжээ. Тэрбээр уулархаг бөглүү нутагт эрдэм номд шамдаж яваа өөрийн ач, зээ нар шиг хүүхдүүдийн төлөө хоолныхоо үнийг нэмэхгүй гэдэг байв. Ингээд үнэхээр амласандаа хүрч 27 жилийн хугацаанд эд барааны үнэ хэд дахин өссөн ч эмээгийн өглөөний цайны үнэ огт нэмэгдээгүй байна. Эмээ өдөр болгон үүр шөнөөр босож хоолныхоо орц найрлагыг тааруулж хийгээд сургуулийн үүдэнд яг цагтаа ирдэг байжээ. Өдөр бүр зургаан цаг ажиллаад 30 юань олж, сар бүр 300-400 юаний алдагдал хүлээдэг байсан ч түүнийгээ огт хэрэгсэж байгаагүй аж. Тэрбээр сүүлийн хэдэн жил өөртөө шинэ хувцас аваагүй бөгөөд байгаа бүхнээ зөвхөн сургуулийн хүүхдүүдэд зориулж байв. Сүүлийн жилүүдэд эмээгийн нас өтөлж, биеийн байдал муудаж эхэлсэн тул эмнэлэгт хэвтэж эмчилгээ, сувилгаа хийлгэсэн ч өндөр насны эрхээр өөд болжээ. Түүнийг өөд болоход тус нутгийн хүмүүс төдийгүй эмээгийн түүхийг мэддэг олон мянган хүн гашуудаж, эмгэнэл илэрхийлсээр байна. Мао эмээгийн энэ түүх Хятад даяар хэвлэлээр цацагдаж хүмүүс түүнийг “Хамгийн сайн хятад хүн”, “"Жэжян мужийн ёс суртахууны үлгэр жишээ” гэх зэргээр өргөмжилж байна. Талийгаач амьд сэрүүн байхдаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би мөнгө хуримтлуулж байгаагүй, харин аавынхаа болон өөрийнхөө тэтгэвэрийн мөнгөөр аж төрдөг. Хүмүүс намайг тэнэг гэж ярьдаг ч би тэнэг биш. Би хүүхдүүдэд туслахыг л хичээдэг” гэжээ. Харин түүний ач охин Йе Тингтин хэлэхдээ, "Хүүхдүүд эмээг минь "Эмээ" гэж дуудахад тэрбээр чин сэтгэлээсээ баярладаг байсан” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.