images

10 баримт: 2023 оны олны танил хүмүүсийн этгээд хувцаслалт


Цаг хугацаа өнгөрөх тусам үйл явдлууд зөвхөн дурсамж болон үлддэг. Тухайн үед хүмүүсийн анхаарал татаж байсан хувцаслалт, үсний засалт зэрэг нь үүнд голлон нөлөөлдөг. Тэгвэл энэ жил дэлхий дахинд олны анхаарал татсан үйл явдлууд  дундаас хувцас загварын талаарх онцгой арван үзэгдлийг Өмнөд Солонгосын “Чосун Ильбо” сонины онцолсноор хүргэж байна.

1.“Barbenheimer” хослол

   Долоодугаар сард АНУ-д нэгэн зэрэг нээлтээ хийсэн "Барби" болон "Оппенхаймер" кинонууд үзэгчдийн таашаалд ихэд нийцэж тус хоёр киноны нэрийг нэгтгэсэн "Барбенхаймер" хэмээх нийлмэл үг ихэд алдартай болжээ. Гол дүрүүдийн тэс өөр загварын хэв маягийг хачирхалтай байдлаар хослуулсан нь кино сонирхогчдын анхаарлыг ихэд татав. Барби хүүхэлдэйг бэлгэдсэн ягаан өнгийн хувцас болон атомын бөмбөгийн эцэг Роберт Оппенхаймерын бэлгэдэл болсон малгай хоёрыг хослуулсан эмэгтэй, эрэгтэй нийлмэл загвар өнгөрсөн зуны олны анхааралд байжээ.

2. Пап ламын онцгой содон хувцаслалт

   Ромын Пап лам Франциск 20-30 насныхны таашаадаг Францын тансаг зэрэглэлийн брэнд “Balenciaga” брэндийн урт цагаан хүрэм өмссөн зураг энэ оны эхээр интернэтэд таржээ. Гэвч онцгой содон харагдсан энэхүү дүр нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч дүр байв. Зохиомол дүр бүтээсэн энэхүү асуудлаас болж багагүй маргаан дэгдсэн ч шашны хэв маягтай хослуулсан энэхүү зургийн ачаар “AI Пап лам” загварын бэлгэ тэмдэг болсон байна.

3. Эзэн хаанаас илүү олны анхаарал татсан Ханхүү Луи

   Тавдугаар сард Чарльз III хааныг хаан ширээнд залах ёслол дээр түүний таван настай хөөрхөн ач хүү хунтайж Луи өвөө дээрээ төвлөрөх ёстой байсан үзэгчдийн анхаарлыг татав. Чихээ дарах, эвшээх, ёслох зэрэг хүүхдийн гэнэн томоогүй үйлдлүүдээрээ хаан ширээний ёслолд инээд хөөр нэмсэн түүний үйлдэл болон хувцаслалт юу юунаас илүү олны хараанд өртжээ.

4. Дональд Трамп руу “довтолсон” Э.Жин Кэрроллын дэгжин загвар

   Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэж, нэр төрд халдсан хэргээр иргэний шүүхэд ялсан Э.Жин Кэрролийн хувцаслалт ер бусын байжээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд Нью-Йоркийн шүүхэд найман удаа оролцохдоо хувцас загварын шоу хийж байгаа мэт ирэх болгондоо өөр өөр загварын хувцас өмссөн юм. Бэлгийн гэмт хэргийн хохирогч болж шүүх хуралдаанд оролцсон ч тэрбээр дэгжин хувцаслалт, өөртөө итгэлтэй байдлаараа олны таашаал хүлээсэн байна.

5. Жо Байдений богино өмд

   81 настай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон нийтийн өмнө үг хэлж байхдаа олон удаа буруу зөрүү ярьж алдаа гарган оюун ухааны хувьд хэвийн бус гэсэн шүүмжлэл сонсож байсан ч богино өмдтэйгөөр дугуй унан давхиж хүмүүстэй гар даллан мэндчилж буй зураг эерэг үнэлгээ авчээ. Үүнээс “Сүүлийн үеийн наян нас бол шинэ дөчин нас юм” гэсэн үг гарчээ.

6. Хэт барууны үзэлтэй лесби улс төрчийн хувцас загвар

   ХБНГУ-ын хэт барууны үзэл баримтлалтай Германы альтернатив намын дарга Алис Вайдел одоогоор Германы хамгийн алдартай улстөрч юм. Хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байсан элит эдийн засагч, нээлттэй лесби гэсэн тодотгол нь түүний "хэт барууны үзэлтэн" гэсэн тодотголтой зарим талаараа эсрэг юм. Түүний боосон үс, цагаан цамц, гял цал болсон хослол, нүд гялбам цагаан пүүз, туфль зэрэг нь "ер бусын консерватизм"-ыг харуулсан бэлгэдэл гэж үнэлэгдэх болжээ.

7. Хөлбөмбөгч Лионель Мессигийн ягаан өнгө

   Хөлбөмбөгт хайхрамжгүй ханддаг америкчууд хүртэл Л.Мессиг шүтэж байна. Америкчуудын огтоос сонирхдоггүй байсан Л.Месси өнгөрсөн долоодугаар сард АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн "Интер Майами" багт элсэхэд түүнд "спортын гэгээнтэн" хэмээн өргөмжлөх болсон бөгөөд энэ статус нь зөвхөн Майкл Жордан зэрэг алдартнуудад зориулагдсан байжээ. "Интер Майами" баг ягаан өнгийн дүрэмт хувцас өмсөх болсноор урд өмнө нь хэний ч сонирхол татдаггүй байсан ийм ягаан өнгийн хувцас моодонд орж, тэр ч бүү хэл ягаан өнгийн даавуу хүртэл олдохоо больсон байна.

8. Холливүүдийн оддын ажил хаялт

   АНУ-ын Холливүүдийн жүжигчид, зохиолчид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн дөрвөн сарын турш ажил хаялт зарлаж, хиймэл оюун ухааны эсрэг арга хэмжээ авахыг шаардсан. Өөр ертөнцийн хүмүүс мэт санагддаг байсан одууд гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэхдээ жинсэн өмд, бейсболын малгай, ажлын хүрэм, энгийн поло цамц өмссөн байсан нь загварлаг байдлаараа гудамжийг улаан хивсний ёслол болгосон хэмээн үнэлэгджээ.

9. "Тэтгэврийн шинэчлэл" хийхийг уриалсан Э.Макроны үнэтэй бугуйн цаг

   Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гуравдугаар сард телевизээр гарч, олон нийтэд таалагдаагүй тэтгэврийн шинэчлэлийн талаар ярьсан билээ. “Ирээдүй хойч үеийн төлөө” хэмээн ширээ тогшсон түүний бугуйнд гялалзсан цагийг үзэгчид илүү анзаарсан байна. Дундуур нь нууцаар бугуйн цагаа тайлж авсан нь бүр илүү шүүмжлэл дагуулсан юм. "Belle Andros" цаг асар өндөр үнэтэй талаар яриа гарсан ч Францын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус цагийг хэдхэн мянган долларын үнэтэй хэмээн тайлбарлажээ. Харин яагаад бугуйн цагаа тайлж нуусан талаар хариу хэлээгүй байна.

10. Аргентиний Ерөнхийлөгч Хавьер Миллэйгийн этгээд авир

   “Аргентины Трамп" гэгддэг Ерөнхийлөгч Хавьер Миллэй сонгуулийн сурталчилгааны үеэр арьсан хүрэм өмсөн цахилгаан хөрөө барьсан байсан нь гэмт бүлэглэлийн удирдагчийн хэв маягийг харуулсан гэсэн шүүмжид өртжээ. Тэрбээр улстөрчдийг шоолж тохуурхан, дайрч давшилдаг хатуу ширүүн үг, үйлдэл үзүүлдэг төдийгүй өмсдөг хувцас нь хүртэл орчиндоо тохироогүй, үс толгойгоо ч угаадаггүй гэсэн шүүмжлэл их сонсдог.  Гэвч өмнөх Засгийн газраас залхсан сонгогчид Х.Миллэйгийн төлөө саналаа өчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.